- Нийслэлийн төвийн зургаан дүүрэг нийслэлд1,435.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ.
- Харин төвөөс алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт 16.4 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
- Нийслэлийн 2025 оны төсвийн нийт орлогыг 1,664.5 тэрбум төгрөг гэж тодотголоо.

Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг НИТХ-д өргөн бариад байсан.Тэгвэл энэ тогтоолын төслийг НИТХ-ын ажлын хороод, намын бүлэг, нэгдсэн чуулганаар хоёр үе шаттай хэлэлцүүлэн, өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт баталсан байна.
Нийслэлийн 2025 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн нийслэлийн төсвийн нийт эх үүсвэрийг 195 тэрбум төгрөгөөр бууруулахаар шинэчлэн баталлаа.
Үүнээс, 2025 оны хотын төсвийн нийт орлогыг 1,664.5 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн нийт орлогыг 4,127.1 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн нийт эх үүсвэрийг 6,792.3 тэрбум төгрөг, хотын төсвийн урсгал зардлыг 1,319.4 тэрбум төгрөг, төсвийн хөрөнгө оруулалтыг 4,453.6 тэрбум төгрөг, төвийн зургаан дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогыг 1,435.6 тэрбум төгрөг тус тус байхаар баталжээ.
Харин нийслэлийн төвөөс алслагдсан гурван дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгийг 16.4 тэрбум төгрөг байхаар тооцож баталжээ.