bnr-0
Goldman Sachs: Трампын тарифууд инфляцыг өсгөж, эдийн засгийн өсөлтийг сааруулж, хямралын эрсдэлийг нэмэгдүүлнэ
03 сарын 31, 2025
ХУВААЛЦАХ
  • Goldman Sachs: АНУ худалдааны түншүүдэд 20%-ийн тариф ногдуулах хувилбар судалж байгаа нь дэлхийн эдийн засагт хүчтэй цохилт өгөх эрсдэлтэй.
  • Goldman Sachs: Трампын худалдааны шинэ бодлого АНУ-ын эдийн засаг төдийгүй олон улсын зах зээлд томоохон өөрчлөлт авчрах төлөвтэй байна.
  • Goldman Sachs: ФРС энэ онд бодлогын хүүг гурван удаа бууруулж, эдийн засгийг дэмжихийг оролдоно.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Skadden, Arps, Slate, Meagher & Flom хуулийн фирмтэй гэрээ байгуулсныг энэ сарын 28-нд зарлалаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ Лхагва гарагт шинэ тарифын бодлогоо зарлахтай холбогдуулан, Goldman Sachs банкнаас гаргасан шинэ тайланд Трампын тарифууд инфляцыг хурдасгаж, ажилгүйдлийг нэмэгдүүлж, эдийн засгийг бараг зогсонги байдалд оруулна гэж анхааруулжээ.

Тарифууд инфляцыг 3.5%-д хүргэнэ гэж үзэж байна. 

Goldman Sachs банкны тооцоогоор, шинэ тарифууд АНУ-ын инфляцыг 3.5%-д хүргэж, Холбооны Нөөцийн Банкны (ФРС) инфляцын зорилтот 2%-иас хэтрэх нөхцөл үүсгэнэ. 

Мөн эдийн засгийн өсөлт 1%-д хүрч огцом удаашрах бөгөөд 2025 оны 1-р улиралд ердөө 0.2% байх төлөвтэй байна. 

Ажилгүйдэл 4.5%-д хүрэх магадлалтай гэж таамаглаж буй нь өмнөх төсөөллөөс 0.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. 

“Бид 4-р сарын 2-нд хэрэгжих тарифын нөлөө зах зээлийн оролцогчдын төсөөлж байснаас илүү хүчтэй байна гэж үзэж байна” гэж Goldman Sachs мэдэгдэлдээ дурджээ.

Эдийн засагт “зогсонги инфляц” (stagflation) нүүрлэх эрсдэл нэмэгдэв. 

Эдийн засгийн өсөлт удааширч, инфляц өсөх нь 1970-1980-аад оны үеийн “зогсонги инфляц” дахин давтагдах эрсдэлийг бий болгоно. 

Тухайн үед Холбооны Нөөцийн Банк (ФРС) инфляцыг дарахын тулд хүүгийн түвшинг огцом өсгөж, эдийн засгийг хямралд оруулж байсан. 

Гэсэн хэдий ч, Goldman Sachs энэ удаад ФРС ийм хатуу бодлого хэрэгжүүлэхгүй гэж үзэж байна. Харин ч 2025 онд бодлогын хүүг гурван удаа бууруулах төлөвтэй гэжээ.

Goldman Sachs-ийн онцолсноор,  2025 онд бодлогын хүүг гурван удаа бууруулна.

Goldman Sachs-ийн таамаглалаар:

 • 7, 9,11-р саруудад тус бүр 0.25%-иар бодлогын хүүг бууруулна.

 • Ингэснээр бодлогын хүү 3.5%-3.75% хүртэл буурах төлөвтэй байна. (өнөөдрийн байдлаар 4.25%-4.50%). 

Трампын тариф дэлхийн худалдаанд хүчтэй цохилт өгнө. 

Трампын шинэ тарифын дэлгэрэнгүй мэдээлэл хараахан ил болоогүй ч, Wall Street Journal сонинд мэдээлснээр АНУ-ын худалдааны түншүүдэд 20%-ийн нэмэлт тариф ногдуулах хувилбар яригдаж байна. 

Энэ нь дэлхийн эдийн засагт томоохон нөлөө үзүүлж, АНУ-д үнэ өсөлт, ажилгүйдэл нэмэгдэх эрсдэлийг үүсгэнэ гэж Goldman Sachs дүгнэжээ.  

mobile-logo