bnr-0
Оросын нүүрсний салбарын алдагдал ихэссэнээс болж Хятад руу хийх нийлүүлэлтээ зогсоож эхлэв
03 сарын 31, 2025
ХУВААЛЦАХ
  • Коксжих нүүрсний үнэ 10 хувиар унаж, орлого багасав.
  • Оросын Хятад руу хийсэн экспорт сүүлийн 7 сарын хамгийн бага түвшинд байна.
  • Эрэлт хумигдсанаар нийлүүлэгчид хүлээлтийн байдалд орлоо.
Оросын нүүрс экспортлогчид ойрын хугацаанд зах зээлийн нөхцөл сэргэнэ гэсэн хүлээлт тавих үндэсгүй гэж салбарын шинжээчид дүгнэж байна.

2025 оны гуравдугаар сарын сүүлийн байдлаар Оросын коксжих нүүрсний зах зээлд нийлүүлэлтээ танах хандлага үүсэж, гол худалдан авагч болох Хятад руу нийлүүлэлтээ зогсоож эхэллээ. Оросын “Коммерсантъ” сонины мэдээлснээр, зарим экспортлогч компаниуд Хятад руу нүүрс гаргахаа түр хойшлуулж, зах зээлийн нөхцөл байдлыг харзнаж эхэлсэн байна.

NEFT Research судалгааны байгууллагын тайланд дурдсанаар гуравдугаар сарын дунд үеэс эхлэн Оросын коксжих нүүрсний экспортын ашиг 7–10 хувиар буурсан. Гол шалтгаан нь рублийн ханш чангарч, нүүрсний ханш унасан мөн Хятадын гангийн үйлдвэрлэлийн эрэлт зэргээс болжээ.

Хятадын дотоодын гангийн үйлдвэрлэл өссөн ч хэрэглээ нь хангалтгүй хэвээр байгаа бөгөөд он гарснаас хойш эдийн засгийн сэргэлт ч тааруу буй нь нүүрсний импортын хэрэгцээг улам хумьжээ. Нөгөөтэйгүүр, Энэтхэгийн талаас цувимал гангийн импортоо нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлийг шахсан нь нүүрсний эрэлтэд дахин нэг сөрөг цохилт өгсөн байна.

Оны эхний хоёр сарын байдлаар Оросоос Хятад руу далайгаар экспортолсон металлургийн нүүрс 1.84 сая тонн хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2.9 хувиар өссөн дүр зурагтай. Энэ өсөлт хангалттай биш бөгөөд сарын дундаж нийлүүлэлт 2024 оны дунджаас 6.8 хувиар бага хэвээр байна.

Харин энэ оны хоёрдугаар сард Оросын төмөр замаар тээвэрлэсэн коксжих нүүрсний хэмжээ өмнөх сараас 10.95 хувиар буурч 2.35 сая тонн болсон бол жилийн дүнгээр авч үзвэл 26.74 хувиар багассан үзүүлэлттэй байна. Үүнийг Metals & Mining Intelligence-ээс гаргасан урьдчилсан тоо баримт харуулжээ.

Ийм нөхцөлд Оросын нүүрс экспортлогчид ойрын хугацаанд зах зээлийн нөхцөл сэргэнэ гэсэн хүлээлт тавих үндэсгүй гэж салбарын шинжээчид дүгнэж байна. Нүүрсний үнэ болон эрэлт сэргэхгүй бол Оросын экспортлогч компаниуд цаашид илүү ноцтой хүнд байдалд орох магадлал өндөр хэвээр байна.   

mobile-logo