- Зөвшөөрөл шаардах журам халагдаж, мэдэгдлийн зарчимд шилжив.
- Үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг дүүргүүд хариуцна.
- Бизнес эрхлэгчид харилцааны саадгүй, шууд эхлэх боломжтой боллоо.

Хотын дарга Х.Нямбаатар залуу бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн том дарамт болдог “зөвшөөрөл” гэх ойлголтыг халах шинэ журам хэрэгжүүлж эхэлснээ зарлалаа. Энэ удаа түүний зүгээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, худалдаа, үйлчилгээний чиглэлээр ажиллах гэж байгаа иргэдэд шинэ боломж олгосон томоохон алхам хийжээ.
Хотын худалдаа, үйлчилгээ эрхлэхтэй холбоотой хуучин журамд заавал төрийн байгууллагаас зөвшөөрөл авах шаардлага тавигддаг байсан нь олон иргэний хувьд цаг, хүч, хөрөнгөөрөө хохирдог, хүнд суртлыг бий болгодог байсан. Харин шинэчлэгдсэн журамд “зөвшөөрөл” гэдэг үгийг халж, оронд нь “мэдэгдэл” гэсэн ойлголт оржээ.
Ингэснээр иргэн хүсэлтээ гаргасны дараа цахимаар мэдэгдэл нь очих бөгөөд тэр дороо бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлж болох юм. Хотын дарга Х.Нямбаатарын онцолсноор, нэг хүн хүсэлтээ барьчихаад хаалга сахиад суудаг, нөгөө нь хүнээр гуйлгаж, араас нь гүйж байж зөвшөөрөл олгодог эрүүл бус харилцааг ийнхүү халж байна.
Тэрбээр энэхүү журам нь зөвхөн бичиг цаасны шинэчлэл бус, бизнесийн орчныг ээлтэй, шударга болгох алхам гэдгийг тодотголоо. Мөн нийслэлийн зүгээс өмнө нь өгдөг байсан бүх зөвшөөрлүүдийг дүүргүүдэд бүрэн шилжүүлсэн бөгөөд үүний цаана иргэдэд ойр байлгах, хурдан шуурхай үйлчилгээг бий болгох зорилготой аж.