bnr-0
АНУ-ын эдийн засаг уналтад орох магадлал 50 хувьд хүрлээ гэж Deutsche Bank үзлээ
03 сарын 31, 2025
ХУВААЛЦАХ
  • Deutsche Bank-ийн судалгаагаар АНУ-ын эдийн засаг уналтанд орох эрсдэл 43 хувьд хүрэв.
  • Холбооны нөөцийн сан эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 1.7 хувь болгон бууруулжээ.
  • Төв банкны зорилтыг давсан инфляц нь зогсонги байдалтай өсөлтийн давхар сорилт үүсгэж болзошгүй.
АНУ-ын эдийн засаг уналтад орж болзошгүй гэх хүлээлт нэмэгдэж байгааг Deutsche Bank-ийн шинэ судалгаа онцоллоо.

АНУ-ын эдийн засаг уналтад орж болзошгүй гэх хүлээлт нэмэгдэж байгааг Deutsche Bank-ийн шинэ судалгаа онцоллоо. Судалгаанд оролцсон 400 гаруй оролцогчийн дундаж таамгаар ирэх 12 сард эдийн засгийн удаашрал эсвэл уналт тохиох магадлал 43 хувьтай байгаа нь эдийн засгийн ирээдүйн төлөвт эргэлзээ төрүүлж байна.

Ингэхдээ ажилгүйдлийн түвшин бага, эдийн засгийн гол үзүүлэлтүүд өсөлттэй хэвээр байгаа ч хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдийн дунд болгоомжлол давамгай болжээ. Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл эдийн засгийг “ерөнхийдөө хүчтэй” хэвээр гэж тодорхойлсон ч Төв банкны мөнгөний бодлогын хорооны хуралдаанаар энэ оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн таамгийг ердөө 1.7 хувь болгон бууруулсан нь 2011 оноос хойших хамгийн сул үзүүлэлтэд тооцогдож байна.

Үүний зэрэгцээ Төв банк инфляцын төсөөллийг 2.8 хувь болгон нэмэгдүүлжээ. Энэ нь зорилтот 2 хувиас давсан хэвээр байгаа бөгөөд 2027 он гэхэд зорилтот түвшинд хүрнэ гэж найдаж буй. Инфляц өндөр, өсөлт удааширч буй энэ нөхцөл байдал 1980-аад оны эхэн үеийн стагфляц буюу зогсонги үеийг санагдуулж эхэлжээ. Гэсэн ч Пауэлл энэ үе давтагдах нөхцөл бүрдээгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн.

Зах зээл ч мөн тогтворгүй байдалд шилжиж, хөрөнгийн зах зээлд хэлбэлзэл ажиглагдах боллоо. DoubleLine Capital-ийн хөрөнгө оруулалтын захирал Жеффри Гандлах CNBC-д өгсөн ярилцлагадаа уналтын магадлал 50-60 хувьтай гэж мэдэгдсэн бол Morgan Stanley-ийн тайланд зогсонги байдлын эрсдэлтэй байгааг онцолжээ.

Эдийн засгийн удаашралтай холбоотой анхааруулгыг UCLA Anderson судалгааны төв мөн анх удаа гаргаж, “унаж болзошгүй” хэмээх дохиог дэвшүүлсэн байна. Эдийн засагч Клемент Боррын үзэж буйгаар АНУ-ын худалдааны бодлого, ялангуяа тарифын бодлогыг бууруулахгүй бол энэ эрсдэл бодитой болох магадлалтай. Тэрбээр “энэ бол жирийн уналт бус, стагфляц хосолсон уналт ч болж болзошгүй” хэмээн анхааруулжээ.   

mobile-logo