- Монгол Улс он гарсаар нийт 22.9 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлт болоод байна.
- Бичигт боомтоор экспортолсон эрчим хүчний нүүрсний хэмжээ 2.9 дахин нэмэгдэж, 2.1 сая тоннд хүрчээ.
- Гадаад валютын улсын нөөц 5.2 тэрбум ам.долларт хадгалагдаж байна.

2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Монгол Улс нийт 22.9 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт болохыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээллээ. Бичигт боомтоор экспортолсон эрчим хүчний нүүрсний хэмжээ 2.9 дахин нэмэгдэж, 2.1 сая тоннд хүрсэн нь нүүрсний экспорт өсөхөд голлон нөлөөлжээ.
Энэ талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Экспортыг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ”-г хэрэгжүүлж байна. Энэ он гарсаар нийт 22.9 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс давсан үзүүлэлт боллоо. Үүний дотор Бичигт боомтоор экспортолсон эрчим хүчний нүүрсний хэмжээ 2.9 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна” гэв.
Манай улсын БНХАУ-ын зах зээлд нийлүүлж байгаа эрчим хүчний нүүрсний хэмжээ нэмэгдсэнээр 2025 оны үлдсэн хугацаанд гурван сая тонныг нэмж экспортолж, 100 сая ам.долларын нэмэлт орлого олох боломж байгааг тэрбээр мөн онцоллоо.
Гадаад валютын улсын нөөц 5.2 тэрбум ам.долларт хэвээр хадгалагдаж байна. Валютын ханшийн өсөлттэй холбоотой Монголбанкнаас шат дараатай ажлыг хэрэгжүүлж байна.