bnr-0
"Атар- IV" аяны хүрээнд газар тариалангийн салбарыг шинжлэх ухаанчаар хөгжүүлж, бүтээмжээ нэмэгдүүлнэ
03 сарын 31, 2025
ХУВААЛЦАХ
  • "Атар-VI" аяныг амжилттай хэрэгжүүлснээр гаднаас импортоор авах хүнсний барааны хувь хэмжээг бууруулна.
  • Газар тариаланг шинжлэх ухаанчаар хөгжүүлж, дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлж, бүтээмжээ өсгөх зорилт тавьж байна. мөн энэ салбарт ажиллах боловсон хүчнийг бодлогоор дэмжинэ.
  • Улмаар бүс нутагтаа зарим нэр төрлийн хүнсний барааг экспортод гаргадаг улс болох зорилт дэвшүүлээд байна.
2025-2029 онд 200.0 мянган га талбайг шинээр тариалангийн эргэлтэд оруулж, нийт эргэлтийн талбайг 1.2 сая га-д хүргэнэ.

Тариаланчдын улсын зөвлөгөөн Дархан-Уул аймагт болж, энэ үеэр “Атар-IV” аян эхэлснийг албан ёсоор зарласан. 

“Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян” нь хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах чухал ач холбогдолтой юм. 

Аяны хүрээнд хийгдэх ажлууд

“Атар- IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян” нь бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаж хэрэгжинэ. Энэ дагуу улсын хэмжээний үр тариа, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн 70-80 хувийг дангаараа үйлдвэрлэж байгаа Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болгон хөгжүүлэх зорилт тавьснаас гадна хөдөөгийн сэргэлт, нийслэлийн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хотоос хөдөөд шилжин ирж буй залуу гэр бүлийг газар тариалан эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, орон сууцжуулах бодлогыг уялдуулахаар төлөвлөж байна.  

“Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2025-2029 онд хэрэгжүүлснээр 200.0 мянган га талбайг шинээр тариалангийн эргэлтэд оруулж, нийт эргэлтийн талбайг 1.2 сая га-д хүргэх, экспортыг нэмэгдүүлэх, тариалангийн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үргэлжлүүлж, ухаалаг газар тариаланг хөгжүүлэн, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Хүлээгдэж буй үр дүн

Мөн тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх,таримал ургамлын нутагшсан болон ирээдүйтэй сортын үр үйлдвэрлэх, бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон нутагшсан сортын үрээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах, ургах чадвар өндөр, ногоон масс ихтэй, ашигтай тэжээлийн таримлыг эргэн нутагшуулж, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, ашигт таримлын тариалалтыг нэмэгдүүлж, газар тариалангийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хадгалалт, нийлүүлэлт, борлуулалт, логистикийн сүлжээг боловсронгуй болгох зэрэг томоохон үр дүн хүлээж байна. 

Газар тариалангийн салбарын хөгжлийн үе шат

Монгол Улс 1959 онд Атрын I аяныг зарлаж атар газар эзэмшин, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлж, үндэсний боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн бол 1976 онд эхэлсэн “Атрын II” аяны үр дүнд тариалангийн талбайг тэлж, гурил, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хэрэгцээнээс давсан ургацаа экспортолж эхэлжээ. Харин 2008-2010 онд Атрын III аяныг хэрэгжүүлж 270 мянган га байсан тариалангийн эргэлтийн талбайг 760 мянган га-д хүргэж, улаанбуудай, төмсөөр дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг болсон түүхтэй.  

mobile-logo