bnr-0
Хоёрдугаар түвшний “Туулын хурдны зам”-ын ажил 2025 онд эхэлнэ
09 сарын 27, 2024
ХУВААЛЦАХ
  • Туулын хурдны зам зургаан эгнээ, 33 км урттай, саран хэлбэртэй тойрогзам баригдана.
  • Хоёрдугаар түвшний "Туулын хурдны зам" байгуулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулах тендер зарлагдсан.

Судалгаагаар багахан талбайд хэт төвлөрсөн Улаанбаатар хотын хувьд автозамын түгжрэлийг бууруулах гол шийдэл хоёрдугаар түвшний буюу хот дээгүүр баригдах хурдны замыг яаралтай барьж ашиглалтад оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Одоо авч хэрэгжүүлж байгаа дугаарын хязгаарлалт, нэмэлтээр зам барих, эсвэл замаа өргөсгөх нь түр зуурын гал унтраах арга. Хэрвээ цаашид байдал энэ хэвээрээ удаан үргэлжилбэл тэг зогсолт байнга болно гэжээ. Иймд Баянзүрхийн товчооноос Дарханы хурдны хурдны зам хүртэл Туул голын хойд хэсгийг дагасан зургаан эгнээ нийт 33 км үргэлжлэх урттай Туулын хурдны замыг байгуулах ажлын зураг төсөл бэлэн болсон. Үүнийг НИТХ-аар энэ оны 12-р сард төсвийг батлуулахаар бэлтгэл ажил хангаж байна гэсэн мэдээллийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Автозамын түгжрэлийг бууруулсан олон улсын туршлагаас харахад хот дотроо хоёрдугаар түвшний буюу тойрог замыг барих нь хамгийн үр дүнтэй аргад тооцогддог.

Өнөөдрийн байдлаар хотоос баруун эсвэл зүүн тийшээ гарах, хот руу хөдөөнөөс орж ирэх, нэг хотын захаас нөгөө зах руу явахдаа заавал хотын төвийн замаар дайрч, түгжрэлийг улам нэмэгдүүлээд байгаа. Улаанбаатар хотод оргил ачааллын үед тээврийн хэрэгслийн дундаж хурд 5-7 км/ц болсон. Иймээс 2025 оноос Улаанбаатар хот анх удаа хоёрдугаар түвшний хурдны тойрог замтай болох ажлыг эхлүүлэх аж. Үүнээс өмнө нэгдүгээр түвшний одоо байгаа бүх замаа 2025 оны зургаадугаар сарын нэгэн гэхэд засаж дуусахаар төлөвлөжээ. Одоо Туулын хурдны зам дээр холбогдох хагас саран хэлбэрийн тойрог хурдны зам байгуулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулах  тендерийг зарласан.Үүнтэй зэрэгцээд  метро байгуулах, тусгай замын автобус, ВRT зэрэг нийтэд үйлчлэх  тээврийн хэргэслүүдийг ашиглалтад оруулах хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажил хийгдэж байна гэжээ.   

mobile-logo