- 2025 онд Reporters Without Borders төрийн бус байгууллагаас гаргасан “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ээр манай улс 180 орноос 102 дугаарт жагслаа.
- 2024 онд манай улс 109 дүгээрт жагсаж байснаас долоон байраар урагшилсан байна.
- Норвеги улс 2017 оноос хойш 9 дэх жилдээ дараалан нэгдүгээрт бичигдэв.

2025 онд Reporters Without Borders төрийн бус байгууллагаас гаргасан “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ээр Монгол Улс 180 орноос 102 дугаарт жагслаа.
2024 онд манай улс 109 дүгээрт жагсаж байсан бол энэ онд долоон байр урагшилсан байна. Норвеги улс 2017 оноос хойш 9 дэх жилдээ дараалан нэгдүгээр бичигдэв. Энэхүү индексийг улс төрийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, эдийн засаг, аюулгүй байдал, нийгэм-соёл гэсэн таван үзүүлэлтээр үнэлж гаргадаг. Индексийг дэлгэрэнгүйгээр ийнхүү тайлбарлажээ.
Улсын төрийн нөхцөл байдлын хувьд
Монголын ихэнх хэвлэл мэдээллийн байгууллагууд хувийн болон төрийн эзэмшлийнх байхаас үл хамаарч Засгийн газар болон аль нэг улс төрийн намын нөлөөлөлд байдаг. Хэвлэл мэдээллийн байгууллагууд хараат бусаар ажиллахад боломжийг улс төрчид, бизнесийн бүлэглэлүүд болон хууль сахиулах байгууллагуудаас ирэх дарамт хязгаарладаг.
Хууль эрх зүйн орчин
Монгол Улсад “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан” гэх хэргүүдийн талаас илүү хувьд сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд холбогддог. Хуурамч мэдээлэл тараасан хэмээн сэжиглэгдэж буй сэтгүүлчдийн олон хэргүүд нь улс төрийн өндөр албан тушаалтнууд, парламентын гишүүд, төрийн албан хаагчид эсвэл төрийн байгууллагуудаас гаргасан гомдолд үндэслэсэн байдаг.
Эдийн засгийн нөхцөл байдал
2023 оны байдлаар Монгол Улсад 434 хэвлэл мэдээллийн байгууллага бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн ихэнх нь хувийн эзэмшилд байдаг гэж Монголын Хэвлэлийн Хүрээлэн мэдээлсэн. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын эзэд зөвхөн ашиг олох зорилгоор энэхүү салбарт байдаггүй. Ашиг олохоос гадна улс төрийн сонирхлоо дэмжих, хувийн бизнесийн эрх ашгаа хамгаалах хэрэгсэл болгодог. Цалин хөлс багатай, ажлын ачаалал ихтэй нөхцөл байдлаас үүдэн сэтгүүлчид төлбөртэй контент хийх саналыг хүлээн зөвшөөрдөг нь олон нийтийн хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг алдагдуулдаг.
Нийгэм-соёлын нөхцөл байдал
Монголчууд хэвлэл мэдээлэлд итгэх итгэл бага байгаа нь агуулгын чанар, мөн голлох улс төрийн үйл явдлуудыг хэрхэн мэдээлж байгаатай холбоотой. 2016 онд RSF төрийн бус байгууллагаас явуулсан судалгаагаар, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамгийн өндөр итгэмжлэлтэй байсан ба иргэдийн 44 хувь нь итгэдэг гэж хариулсан байна. Харин өдөр тутмын сонинд 10 хувь нь харин онлайн мэдээллийн эх сурвалжууд таван хувь нь итгэдэг гэж хариулсан.
Аюулгүй байдал
Олон сэтгүүлч хууль эрх зүйн сүрдүүлэг, дарамт шахалт эсвэл заналхийлэлтэй тулгардаг бөгөөд хэд хэдэн хүчирхийллийн тохиолдол бүртгэгдсэн.