- Эрүүл мэндийн салбарт вакцин, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх үүрэг авлаа.
- Боловсролын байгууллагуудад нөхөн дархлаажуулалт, эрүүл ахуйн хяналт нэмэгдэнэ.
- Хүүхэд, эмзэг бүлэгт чиглэсэн урьдчилан сэргийлэх үйлчилгээг өргөжүүлнэ.

Улаанбурхан өвчний халдварын тоо нэмэгдэж, бага насны хүүхдүүдийн дунд эрсдэл эрчимтэй өсөж буй энэ үед Засгийн газар салбар хоорондын хамтын ажиллагааг чухалчилж, улаанбурхны дэгдэлтийг хязгаарлах зорилгоор хэд хэдэн чиглэлээр нэгдсэн арга хэмжээ авч эхэллээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд өгсөн үүргийн дагуу вакцин, оношлуур, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг яаралтай нөөцлөх болон эмч, сувилагч зэрэг хүний нөөцийн бэлэн байдлыг бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай болсон байна. Үүний зэрэгцээ, үндэсний дархлаажуулалтын бодлогыг сайжруулж, халдвар авах өндөр эрсдэлтэй бүлгийг дархлаажуулалтад хамруулахыг даалгажээ.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны дархлаажуулалтад хамрагдсан байдалд эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран хяналт тавих, нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэх, анги танхимын агааржуулалт, ариун цэвэр зэрэг эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах шаардлагатай арга хэмжээ авахыг Боловсролын сайд П.Наранбаярт үүрэг болгожээ.
Түүнчлэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд хүүхэд болон эмзэг бүлгийн иргэдийг хамарсан урьдчилан сэргийлэх үйлчилгээг дэмжих, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг ногдуулсан байна. Түүнээс гадна, шаардлагатай төсөв, санхүүжилтийг бүх шатны байгууллагуудад чиглүүлж, үндэсний товлолт дархлаажуулалтад хамрагдах байдлыг эрс нэмэгдүүлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх шаардлагатайг Засгийн газрын хуралдаанаар анхааруулав.
Сүүлийн саруудад халдварын тоо хурдацтай нэмэгдэж, батлагдсан тохиолдлын тоо 700 дөхөж байгаа аж. Үүнээс 500 орчим нь эдгэрсэн байдалтай байна. Ялангуяа Ерөнхий боловсролын сургуулиудад голомтлон халдварлаж байгаа нь эрүүл мэндийн салбарынхны санааг хамгийн ихээр түгшээж буй юм. Бага насны хүүхдийн дунд улаанбурхны өвчлөл эрс нэмэгдсэн нь ийнхүү Засгийн газрыг салбар хоорондын хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад хүргээд байна. Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг сайжруулах, боловсролын байгууллагын эрүүл ахуйн орчныг чангатгах, мөн эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах нь уг дэгдэлтийн эрсдэлийг бууруулах чухал алхам хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Улаанбурхан өвчний талаар тодруулахад, энэ нь амьсгалын замаар дамжин халдварладаг вирусын гаралтай халдварт өвчин бөгөөд гол шинж тэмдэг нь өндөр халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд улайх зэрэг байдлаар илэрдэг. Энэхүү өвчин нь дархлаагүй хүн амын дунд хурдан тархах чадвартай тул товлолын дагуу хийдэг улаанбурхны эсрэг вакцинд хамрагдах нь урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. Хүндэрсэн тохиолдолд амь насанд хүртэл аюул учирч болзошгүй. Мөн халдвартай хүнтэй ойртохгүй байх, амны хаалт байнга хэрэглэх, гараа тогтмол угаах зэрэг эрүүл ахуйн энгийн дадлуудыг мөрдөх нь өвчнөөс сэргийлэхэд чухал ач холбогдолтой ажээ. Иргэдийн хувьд шаардлагатай мэдээллийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 89016199; 75103100 дугаарын утас, мөн www.nccd.gov.mn веб хуудас болон фэйсбүүк хаягаар авч болох аж.