bnr-0
Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 37.4 их наяд төгрөгөөс 80.0 их наяд болж нэмэгджээ
03 сарын 31, 2025
ХУВААЛЦАХ
  • Монгол Улсын экспортын орлого хоёр дахин өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 37.4 их наяд төгрөгөөс 80.0 их наяд болж нэмэгдсэн байна.
  • Нэг хүнд ногдох ДНБ 2020 онд 4,128 ам.доллар байсан бол 2024 онд 6,890 ам.доллар болж өсчээ.
  • Чойбалсан, Багануур, Эрдэнэ, Мөрөн, Бөөрөлжүүт, Тосон зэрэг цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлж, эрчим хүчний эх үүсвэр, хүчин чадлыг 358 МВт-аар нэмэгдүүлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг танилцууллаа. Эндээс анхаарал татаж байсан мэдээлэл нь,

Амьдралын чанар ба дундаж давхарга зорилтын хүрээнд: 

Засгийн газраас “Үндэсний баялгийн сан”-гийн тухай хуулийг Улсын Их Хурлаар батлуулан уул уурхайн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашгийг иргэдийн хуримтлалын дансанд олгодог боллоо. 

Хууль батлагдсанаас хойш төрийн өмчит уул уурхайн компаниудаас 495.6 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлжээ. 

Энэ эх үүсвэрээр 5,000 орчим иргэний ипотекийн зээлийг санхүүжүүлжээ. Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангаар дамжуулж, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжих бодит нөхцөл бүрдэж байна. 

Эдийн засаг зорилтын хүрээнд: 

Монгол Улс эдийн засгаа тэлэх, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, аялал жуулчлал, зам, тээврийн салбарыг хөгжүүлэх зорилтууд дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа. 

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаж, 2023 онд 0.6 сая, 2024 онд 0.8 сая жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд амжилт болж, салбарын жилийн орлого 1.5 тэрбум ам.долларт хүрлээ. 

“Мянганы зам” төсөл 21 жилийн дараа амжилттай хэрэгжиж, Монгол Улс бүх аймгаа нийслэл Улаанбаатар хоттой 7,000 гаруй километр үргэлжилсэн хатуу хучилттай автозамаар бүрэн холболоо. 

Чойбалсан, Багануур, Эрдэнэ, Мөрөн, Бөөрөлжүүт, Тосон зэрэг цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлж, эрчим хүчний эх үүсвэр, хүчин чадлыг 358 МВт-аар нэмэгдүүлсэн. 

Ковидын үед эдийн засгийн өсөлт -4.6 хувь болсон байсан бол 2023 онд 7.4, 2024 онд 4.9 хувьтай байна. 

Сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын экспортын орлого хоёр дахин өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 37.4 их наяд төгрөгөөс 80.0 их наяд болж нэмэгдсэн. 

Нэг хүнд ногдох ДНБ 2020 онд 4,128 ам.доллар байснаас сүүлийн гурван жилд тогтмол өсөж, 2023 оны байдлаар 6,008 ам.долларт хүрсэн, 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6,890 ам.доллар болсон. 

Fitch, S&P, Moody`s зэрэг зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас 2024 оны зээлжих зэрэглэлийг нэг шат ахиулж “B+, тогтвортой” хэмээн зарласан гэж мэдэгдлээ.   

mobile-logo