bnr-0
Уоррен Баффеттын “Berkshire”-ийн энэ жилийн уулзалтаас хөрөнгө оруулагчдын олж авсан 6 чухал сургамж
05 сарын 05, 2025
ХУВААЛЦАХ
  • Уоррен Баффетт энэ оны эцэс гэхэд гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өгөх төлөвлөгөөгөө анх удаа зарлалаа.
  • Тэрбээр импортын татвар, худалдааны хамгаалалтын бодлогыг хатуу шүүмжилж, эдийн засагт хор хөнөөлтэй гэж мэдэгдэв.
  • “Berkshire Hathaway” ойролцоогоор 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх гэж байснаа эцэст нь зогсоосон тухай ил болгов.
“Berkshire Hathaway” компанийн жилийн ээлжит хувьцаа эзэмшигчдийн уулзалтаар Уоррен Баффетт олон нийтэд хандан олон сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийллээ.

“Berkshire Hathaway” компанийн жилийн ээлжит хувьцаа эзэмшигчдийн уулзалтаар Уоррен Баффетт олон нийтэд хандан олон сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийлсэн ч хамгийн их анхаарал татсан нь түүний гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өгөх тухай мэдэгдэл байв. Тэрбээр нийт 4.5 цаг үргэлжилсэн асуулт-хариултын үеэр дараах гол санаануудыг онцолжээ.

1. Гүйцэтгэх захирлын ажлаа өгнө

Баффетт энэ оны эцэст “Berkshire Hathaway” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас буухаа анх удаа албан ёсоор зарлав. Түүний оронд даатгалын бус салбар хариуцсан дэд захирал Грег Абелийг залгамжлагчаар томилох санал гаргаж, хамтдаа индэр дээр суусан юм. Баффетт энэ тухайгаа компанийн удирдах зөвлөлд хандан ням гарагт албан ёсоор мэдэгдэнэ гэдгээ хэлсэн бөгөөд хоёр хүүхэд нь болох Хауи, Сюзи нар энэ мэдээг урьдчилан мэдэж байсан бол бусад гишүүдэд гэнэтийн зүйл байв. Гэсэн хэдий ч тэрбээр өөрийн эзэмшлийн хувьцаагаа зарахгүй, компанидаа тусалсаар үлдэнэ гэдгээ тодотголоо.

2. Татварын эсрэг байр сууриа илэрхийлэв

Баффетт импортын татварын эсрэг урьд урьдынхаас ил тод байр суурь илэрхийлж, худалдаа бол “зэвсэг биш” гэдгийг дахин сануулав. Тэрбээр “Дэлхий илүү хөгжин дэвших тусам бидний хувьд ч илүү аюулгүй, илүү амжилттай байх боломж бүрдэнэ” гэж мэдэгдсэн бөгөөд АНУ бусад оронтой чөлөөтэй худалдаа хийх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Хэдийгээр Дональд Трампын нэрийг дурдаагүй ч түүний тарифын бодлого руу чиглэсэн шүүмжлэл тодорхой байлаа.

3. Зах зээлийн хэлбэлзэл түр зуурын үзэгдэл

Баффетт сүүлийн саруудад болсон зах зээлийн уналтыг хэт дэвэргэх хэрэггүй гэж үзэж байгаа аж. “Сүүлийн 30-45 хоногт болсон зүйлс бол үнэндээ юу ч биш” гэж тэр хэлжээ. Тэрбээр S&P 500 индексийн 20 хувийн уналтыг хямрал гэхээсээ илүү боломж гэж харж байгаагаа хэлж “Хэрэв Berkshire-ийн хувьцаа 50 хувиар уналаа гэхэд надад огтхон ч төвөг болохгүй” гэж мэдэгдсэн байна.

4. Америкийн онцгой байдлыг итгэлтэйгээр хамгаалав

Баффетт АНУ-ын эдийн засгийн тэргүүлэгч байр суурь цаашид хэвээр хадгалагдана гэж үзэж байгаа бөгөөд “Хэрвээ өнөөдөр дахин төрөх боломж гарвал би АНУ-д төрөх хүртлээ эхийн хэвлийд хэлэлцээр хийж суух байсан” гэж хошигнон хэлжээ. Түүний аав нь АНУ-ын конгрессын гишүүн байсан бөгөөд АНУ-д төрсөн өдрөө “амьдралын минь хамгийн азтай өдөр” хэмээн нэрлэсэн байна.

5. Төсвийн алдагдлыг ноцтой аюул гэж үзэж байна

Тэрбээр улсын төсвийн алдагдлыг удаан хугацаанд тэсвэрлэх боломжгүй гэж онцлон, энэ нь хоёр жил, магадгүй 20 жил байж болох ч “нөхцөл байдал мөнх үргэлжлэх боломжгүй” гэж анхаарууллаа. Конгресс төсвийн зарлагаа хязгаарлах ажлыг хийхгүй байгааг Баффетт шүүмжилсэн бөгөөд “Энэ бол миний хийхийг хүсэх ажил биш ч хэн нэгэн хийх ёстой” гэж мэдэгджээ.

6. 10 тэрбум доллар зарцуулах дөхсөн ч эргэлзэж буцсан

Баффетт “Berkshire Hathaway” компанийн 330 тэрбум доллар давсан бэлэн мөнгөний нөөцөөс 10 тэрбум долларыг зарцуулах дөхсөн ч эцэст нь шийдвэрээ өөрчилсөн тухай анх удаа ил болголоо. “Бид тун ойрхон ирсэн. Гэхдээ шаардлагатай нөхцөл бүрдвэл 100 тэрбумыг ч зарцуулахад бэлэн байна” гэж тэр хэлсэн байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын дунд дараагийн том худалдан авалт хэзээ хийгдэх талаар шинэ хүлээлт үүсгээд байна.   

mobile-logo