bnr-0
Алтны ханш өндөр түвшинд тогтсон хэвээр ч өсөлтийн завсарлага үргэлжилж байна
05 сарын 05, 2025
ХУВААЛЦАХ
  • Алтны ханш 7 хоногийн дотор 2 хувиар унасан ч жилийн өсөлт 24 хувьтай байна.
  • АНУ-ын эдийн засгийн зөрүүтэй үзүүлэлтүүд алтны зах зээлд нөлөөлж эхэллээ.
  • Энэ долоо хоногийн Холбооны нөөцийн банкны хурал алтны ханшийг чиглүүлнэ.
Шинжээчдийн үзэж буйгаар АНУ-ын эдийн засгийн эргэлзээтэй төлөв, Трампын захиргааны тогтворгүй бодлого зэрэг нь алтны өсөлтийг дэмжих суурь хүчин зүйл хэвээр байна.

Дэлхийн зах зээл дээр алтны ханш өнгөрсөн долоо хоногийг 2 хувийн бууралтаар хаасан ч шинжээчид үүнийг урт хугацааны өсөлтийн суурь өөрчлөгдсөн гэж үзэхгүй байна. Баасан гарагийн байдлаар спот алтны үнэ унци тутамд 3,250.80 ам.долларт хүрч, зах зээлд түр хугацааны засвар үргэлжилж байгааг харуулж байна.

2025 оны эхнээс алтны үнэ нийт 24 хувиар өсөөд байгаа бол өнгөрсөн долоо хоногт тогтоогдсон 3,500 ам.долларын оргил үнийн түвшнээс 7 хувиар доогуур байгаа нь сүүлийн уналтын цар хүрээг илтгэнэ. Гэсэн ч энэ уналтыг эрэлт буурсан гэхээсээ илүү зах зээлийн амьсгаа авах хугацаа гэж үзэх шинжээчид элбэг байна. БНХАУ-ын тав хоногийн баярын амралт эхэлснээр алтны эрэлт түр хугацаанд суларсан нь мөн ханшид нөлөөлж байна. Мөн Хятадын хөрөнгө оруулагчид зах зээлд дахин идэвхтэй орж ирэхтэй зэрэгцэн алтны ханш эргэн өсөж болзошгүй байна.

Шинжээчдийн үзэж буйгаар АНУ-ын эдийн засгийн эргэлзээтэй төлөв, Трампын захиргааны тогтворгүй бодлого зэрэг нь алтны өсөлтийг дэмжих суурь хүчин зүйл хэвээр байна.

АНУ-ын эдийн засгийн шинэ тоон үзүүлэлтүүд холимог дүр зураг үзүүлж байна. 2025 оны эхний улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн 0.3 хувиар буурсан нь гадаад худалдааны алдагдалтай холбоотой гэж шинжээчид тайлбарласан. Үүний зэрэгцээ ажиллах хүчний салбарт 177 мянган ажлын байр шинээр нэмэгдсэн нь зах зээлийн хүлээлтээс давсан үзүүлэлт болсон юм.

Инфляц тогтвортой байгаатай зэрэгцэн Холбооны нөөцийн банк энэ долоо хоногт хуралдахаар төлөвлөж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид бодлогын хүүг шууд бууруулахгүй ч “зөөлрүүлэх дохио” өгөх эсэхийг анхааралтай харж байна. Энэ нь алтны ханшийг дахин өсгөх магадлалтай боловч хэт өндөр хүлээлт үнийн савлагаа үүсгэх эрсдэл дагуулж болзошгүй юм.

Шинжээчдийн дүгнэлтээр алтны ойрын дэмжлэгийн бүс 3,160–3,170 ам.долларын хооронд байж болзошгүй бөгөөд үүнийг сэтэлвэл 2,950 хүртэл унах эрсдэл байна. Харин 3,300 ам.долларт дахин хүрч давсан тохиолдолд дараагийн өсөлтийн давлагаа эхлэх нөхцөл бүрдэх аж. Хэдийгээр алтны ханш түр зуурын уналттай тулгарч буй ч шинжээчдийн дийлэнх өсөлтийн суурь төлөв хадгалагдаж байгаа гэж үнэлж байна.  

mobile-logo