- Европын Холбооны орнуудын металлургийн салбарт ОХУ-аас хэт хамааралтай эрчим хүчний тарифаас болж уналтад анх орж байсан.
- Тэгвэл одоо АНУ-ын засаг захиргааны тарифын бодлого, импортын татвар дахин энэ салбарыг нь зогсонги байдалд орууллаа.
- Европын Комиссын Дэд Ерөнхийлөгч Стефан Сежурнэгийн хэлснээр, гангийн импортын квотыг ойрын үед дахин өөрчлөх төлөвтэй байна.

Европын Комисс 47 төслийг стратегийн ач холбогдолтой хэмээн тодорхойлж, бүс нутгийнхаа хэмжээнд ашигт малтмалын салбарыг хөгжүүлж, ялангуяа Хятадаас хамааралтай байдлаа бууруулах зорилго тавиад байна.
Гэтэл Европын холбоо ирээдүйн аж үйлдвэрийн баазаа бэхжүүлэх бодлогоо хэрэгжүүлэх явцад одоо ажиллаж байгаа металл үйлдвэрлэлийн салбарт хямрал нүүрлээд байна.
Хятадын хэт үйлдвэрлэл, эрчим хүчний өндөр үнэ нь Европын ган болон хөнгөн цагааны үйлдвэрлэлийн олон жилийн уналтыг улам эрчимжүүлж орхилоо.
Ерөнхийлөгч Доналд Трампын тарифын бодлого, ялангуяа хөнгөн цагааны импортод тавих тариф нь их хэмжээний металлыг Европ руу чиглүүлэх эрсдэлийг бий болгож байна.
Европ одоогийн нөхцөл байдалд хариу арга хэмжээ болгож, хамгаалалтын бодлого баримталж байгаа нь дэлхийн худалдааны сүлжээг улам бутаргах төлөв ажиглагдаж эхэллээ.
Ирээдүйд чиглэсэн бодлого
Европын холбоо стратегийн төслүүдийн зөвшөөрлийн үе шатыг түргэвчилж, уурхайн төслүүдийг хамгийн ихдээ 27 сарын дотор, боловсруулах төслүүдийг 15 сарын дотор шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Мөн Европын холбоо болон үндэсний санхүүжилтийн эх үүсвэрээр төслөө хэрэгжүүлэх боломжтой.
Эдгээр төсөл нь ихэвчлэн зай хураагуурын үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой лити, кобальт, никель, графит зэрэг ашигт малтмал дээр төвлөрөхийн зэрэгцээ галли, германий, вольфрам зэрэг ховор элементүүдийг ч багтаасан байна. Европын холбооны стратегийн чухал ашигт малтмалын жагсаалтад багтсан 17 металлын 14 нь хамрагджээ.
Төслүүд 13 гишүүн орныг хамарч, олборлолтоос эхлээд боловсруулалт, дахин боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүх шат дамжлагыг багтааж байна.
Эдгээр төслүүд нь 2030 он гэхэд Европын литий, кобальтын дотоодын хэрэгцээг бүрэн хангах бөгөөд никель, марганец, графит зэрэг бусад зай хураагуурын түүхий эдийн хангамжийг нэмэгдүүлэхэд ихээхэн ахиц гаргана гэж үзэж байна.
Одоогийн хямрал
Европын шинэ эрчим хүчний салбарт өндөр ач холбогдолтой уламжлалт металлургийн үйлдвэрлэлийн салбарт ч нөхцөл байдал хүнд байна.
ЕХ-ны гангийн үйлдвэрлэл 2017 онд 160 сая тонн байсан бол 2023 онд 126 сая тонн болж буурсан. Одоогийн гангийн үйлдвэрийн ашиглалтын түвшин ердөө 65% байгаа нь тун хангалтгүй үзүүлэлт гэж Европын Комисс үзэж байна.
Энэ бүс нутаг хөнгөн цагааны анхан шатны үйлдвэрлэл хамгийн сайн эрчимтэй явж байсан ч тэргүүлэх байдлаа алдаж, ковидын үеэр буюу 2021 онд үйлдвэрлэлийнхээ 50 хувийг бүрэн зогсоожээ.
Ийнхүү үйлдвэрлэлийн салбарт доголдол гарч ирсэн нь эрчим хүчний хангалттай шууд хамааралтай. ЕХ-ны орнууд өмнө ОХУ-аас эрчим хүчний хувьд хэт хамааралтай байсан нь Украйн дахь дайнаас болж, эрчим хүчний их хэрэглээ шаардагдах үйлдвэрүүдээ ийнхүү хагас дутуу ажиллуулахад хүрчээ.
Үүнийг шийдвэрлэхийн тулд:
• Урт хугацааны эрчим хүчний гэрээг дэмжих
• Сүлжээний үр ашгийг нэмэгдүүлэх
• Сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийн зөвшөөрлийн үйл явцыг түргэвчлэх зэрэг арга хэмжээнүүдийг санал болгожээ.
Тарифын тогтворгүй байдал
АНУ-ын худалдааны хоригийн улмаас Европ руу их хэмжээний металл урсан орох эрсдэл бий болсноор ЕХ-ны ган болон өнгөт металлургийн салбарт цаашид агшилт үүсэх магадлал өндөр байна.
Европын Комиссын Дэд Ерөнхийлөгч Стефан Сежурнэгийн хэлснээр, гангийн импортын квотыг ойрын сард дахин өөрчлөх төлөвтэй байна.
Энэхүү арга хэмжээ нь Европын металлургийн салбарыг хамгаалах шинэ бодлогын арга хэмжээний нэг гэж тайлбарлажээ.