- Бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдэд бүтээн байгуулалтын үе шатанд импортын барилгын материал, тоног төхөөрөмжийн гаалийн албан татварыг 100 хувь чөлөөлнө.
- Тухайн бүс нутгийн хөгжлийн зорилгод нийцсэн үйл ажиллагаа эрхэлж байгаа бол НӨАТ-ыг дөрвөн жилийн дараа төлнө.
- ЗГ: 12-13 хувийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлж байгаа бол бүсийн хөгжлийн зорилгод нийцсэн төслүүдийг орон нутагт хэрэгжүүлбэл төлөх татварыг буцаан олгох замаар нэг хувь болгох боломж бүрдүүлээд байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг танилцуулсан.
Энэ үеэр тэрээр Бүс, орон нутгийн хөгжил зорилтын хүрээнд хийж, хэрэгжүүлсэн ажлуудын тухай:
Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулж, Улсын Их Хурлын сонгуулийг бүсчилж, томсгосон тойргоор зохион байгуулсан.
Бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдэд бүтээн байгуулалтын үе шатанд импортын барилгын материал, тоног төхөөрөмжийн хувьд
- Гаалийн албан татварыг 100 хувь чөлөөлнө
- НӨАТ-ыг дөрвөн жилийн дараа төлнө
- Үйл ажиллагааны үе шатанд ирээдүйн таван жилийн орлогод төлөх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгоно гэлээ.
Ингэснээр бизнесийнхэн одоо 12-13 хувийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлж байгаа бол бүсийн хөгжлийн зорилгод нийцсэн төслүүдийг орон нутагт хэрэгжүүлбэл төлөх татварыг буцаан олгох замаар нэг хувь болгох боломж бүрдүүлээд байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.