bnr-0
Өвлийн бэлтгэл: 50 мянган янданг жагсаалаас гаргах хүлээлттэй байна
05 сарын 05, 2025
ХУВААЛЦАХ
  • 2025 онд Улаанбаатарын 30 мянган байшин, 20 мянган гэрийг хямд өртгөөр дулаална.
  • Цахилгаан, хийн халаалтад шилжих өрхүүдэд тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүй суурилуулна.
  • Халаалтын улиралд өрх бүрт сард 100 мянган төгрөгийн татаас олгохоор боллоо.
Улаанбаатар хотын гэр хороололд энэ жилийн өвөлд бэлтгэх ажил эхэллээ.

Өвөл дууссан ч өвлийн бэлтгэл эхэлжээ. Ялангуяа Улаанбаатар хотын гэр хороололд энэ жилийн өвөлд бэлтгэх ажил эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн гэр хорооллын дулаалгын ажилтай газар дээр нь ажилласан байна. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 3-р хороонд байрлах Баганаран дахь нэгэн 60 м.кв байшин, мөн монгол гэрт дулаалга хэрхэн хийгдэж байгааг биечлэн үзэж, энэ хүрээнд хэрэгжиж буй ажлуудын явцыг шалгасан байна.

“Монгол гэр болон байшингийн дулаалга” төслийн хүрээнд 2025 онд нийт 30 мянган байшин, 20 мянга орчим гэрийг дулаалах зорилт тавиад байгаа бөгөөд богино хугацаанд, хямд өртгөөр, галд тэсвэртэй материал ашиглан жишиг дулаалгын шийдлүүдийг хэрэгжүүлж эхэлжээ. Дулаалга хийх загваруудыг хэдийн боловсруулж, туршилтын ажлууд хийгдэж байгааг албаныхан Ерөнхий сайдад танилцуулсан байна.

Мөн дулаалгын хамт халаалтын шийдлүүдийг давхар хэрэгжүүлж байгаа бөгөөд хийн зуух, цахилгаан халаалтын аль аль хувилбарыг өрхүүдэд санал болгож байна. Хийн зуух нь хоёр минутын дотор халж эхэлдэг, аюулгүйн мэдрэгчтэй, цахилгаан зарцуулалт багатай зэргээрээ хэрэглэгчдэд эерэг сэтгэгдэл төрүүлж байгааг албаныхан онцлов.

Нийслэлийн гэр хорооллын 170 мянга гаруй өрхийг “Ногоон” болон “Шар” бүсэд ангилан, бүс тус бүрт тохирсон агаарын бохирдол бууруулах бодлогыг хэрэгжүүлж эхлээд буй юм. Энэ жил “Ногоон бүс”-ийн хүрээнд орших 103,090 өрхийн талаас илүү буюу 51 мянган өрхийг цахилгаан болон бүх төрлийн хийн халаалтад шилжүүлнэ. Үүний хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмж, халаалтын системийг төрөөс нэг удаа үнэ төлбөргүй суурилуулах юм. Мөн халаалтын улиралд эдгээр өрх бүрт сард 100 мянган төгрөгийн татаас олгохоор болсныг Ерөнхий сайд мэдэгдлээ.

Хэрэв тоон дүнгээр аваад үзвэл энэхүү арга хэмжээний үр дүнд нийслэлийн нийт яндангийн 25 хувь нь нэг жилийн дотор байхгүй болж, утаа мөн тэр хэмжээгээр буурах хүлээлттэй байна. Энэ нь зөвхөн нэг улирлын арга хэмжээ биш бөгөөд иргэдийн амьдралын чанарыг урт хугацаанд сайжруулах, байгаль орчны ачааллыг бууруулах стратегийн суурь алхам хэмээн дүгнэж болох юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх тав, зургаа, долдугаар сард дулаалга болон халаалтын ажлыг тасралтгүй үргэлжлүүлж, нэгдсэн стандартын шийдлийг боловсруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна. Түүнчлэн цахилгаан, хийн түлшний найдвартай хангамжийг хангах, шахмал түлш, хөх нүүрсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг асуудалд онцгой анхаарах шаардлагатайг сануулжээ.

Эдгээр арга хэмжээ нь ирэх өвлийг дулаахан, утаагүй угтах зорилготой бөгөөд агаарын бохирдол бууруулах төрийн бодлогын цөм хэсэг болж байгааг тэрбээр онцолсон байна.  

mobile-logo