- Улсын хэмжээнд улаанбурханы 1,296 тохиолдол бүртгэгдэж, 281 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
- Хүүхдүүд вакцинд хамрагдаагүйгээс халдварын тархалт эрс нэмэгджээ.
- Сургуулийн орчинд бүлэг халдвар илэрч, эрүүл мэндийн байгууллагууд анхааруулга гаргав.

Дэлхий нийтэд улаанбурхан дахин сэргэж, Монгол Улсад ч нөхцөл байдал анхаарал тавих хэмжээнд хүрээд байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр, 2025 оны тавдугаар сарын 5-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд улаанбурханы 1,296 тохиолдол бүртгэгдэж, 281 хүн эмнэлгийн тусламж авч буй бол 868 хүн эдгэрээд байна. Халдвар зөвхөн нийслэлд бус, 10 гаруй аймагт тархаад байгаа нь өвчний тархалтын хүрээ тэлж буйг харуулж байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын 10 гаруй хувьд улаанбурханы 3-аас дээш тохиолдол бүртгэгдэж, бүлэг халдварын нөхцөл үүсээд байгаа нь хамгийн эмзэг бүлэг болох хүүхдүүд илүүтэй өртөж буйн нотолгоо болж буй юм.
Монгол дахь нөхцөл байдал нь дэлхий дахинд ажиглагдаж буй нэгэн ижил шалтгаантай: дархлаажуулалтаас татгалзах хандлага. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, олон оронд вакцинжуулалтын түвшин буурснаас халдварын давлагаа дахин сэргэжээ. АНУ-д 2023–2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 3.3 хувь нь улаанбурханы болон бусад вакцинд хамрагдаагүй бөгөөд энэ үзүүлэлт өмнөх оноос өссөн байна. Зарим мужид энэхүү хувь 5-аас дээш гарсан нь халдварын эрсдлийг нэмэгдүүлжээ.
Шалтгааныг судлахад, олон тохиолдолд вакцин татгалзах нь шашны итгэл үнэмшил, хувь хүний сонголт болон буруу мэдээлэлтэй холбоотой байдаг байна. 1998 онд нийтлэгдсэн, вакциныг аутизмтай холбоотой гэж ташаа дүгнэсэн судалгаа одоо болтол нийгэмд буруу ойлголт тараасаар байгаа нь онцгой анхаарал татаж байна. Уг судалгааг хожим няцаасан ч нөлөө нь хэвээр үргэлжилж байгаа нь харамсалтай.
Мөн АНУ, Канад, Мексикийн хил орчмын бүсэд оршин суудаг Меннонит шашинтнуудын дунд вакцинжуулалтын түвшин маш бага байгаа нь хил дамнан халдвар тарах нөхцөл бүрдүүлжээ. Эдгээр бүлгүүдийн хүрээнд халдварын шинэ голомтууд бүртгэгдээд байна.
Улаанбурхан нь ханиалгах, найтаах замаар халдварладаг, маш хурдан тархдаг вирусын гаралтай өвчин юм. Халуурах, хамар нусгайрах, нүд улайх, цаашлаад бие даяар тууралт гарах зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Хэрэв дархлаагүй хүн халдвар авбал хатгаа, тархины үрэвсэл зэрэг ноцтой хүндрэлд хүрч болзошгүй юм.
Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр, Монголд улаанбурханы дийлэнх тохиолдол товлолын вакциндаа хамрагдаагүй, 10–14 насны хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байгаа нь дархлаажуулалтыг нөхөн хийх шаардлагатайг харуулж байна. Тэрчлэн иргэдийг хүүхдийнхээ вакцинжуулалтын бүртгэлийг шалгаж, нөхөн вакцинд хамруулахыг албаныхан уриалж байгаа юм.
Түүнчлэн халдвараас сэргийлэхийн тулд дархлаагаа сайжруулахыг зөвлөж байна. Мөн амны хаалт зүүх, гар ариутгах, халдвартай хүнээс хол байх зэрэг энгийн боловч чухал арга хэмжээг мөрдөх хэрэгтэй ажээ. ХӨСҮТ-ийн 89016199, 75103100 утсаар холбогдож эсвэл www.nccd.gov.mn цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болохыг мөн онцолж байна.