- Калифорнийн боомтуудад 12,000 чингэлэг тээвэрлэсэн анхны долоон хөлөг ирлээ.
- Amazon, Ikea, Ralph Lauren зэрэг компаниуд хүнд тарифын нөхцөлд бараа нийлүүлсээр байна.
- Трамп тарифыг 80% болгон бууруулах санал гаргасан ч бизнесийн ачаалал хэвээр байна.

БНХАУ-аас тээвэрлэсэн 12,000 гаруй чингэлэг бүхий анхны долоон хөлөг онгоц АНУ-ын Лос Анжелес болон Лонг Бичийн боомтуудад саяхан ирлээ. Энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын 145 хувийн импортын тариф хүчин төгөлдөр болсноос хойш АНУ-д хүрэлцэн ирсэн анхны өндөр татвартай ачаанууд юм. Ижил төрлийн таван хөлөг онгоц ойрын өдрүүдэд дахин ирэх хуваарьтай байгаа бөгөөд зах зээлд нэмэлт дарамт үүсэх төлөвтэй байна.
Эдгээр чингэлгүүдэд Amazon, Home Depot, Ikea, Ralph Lauren, Tractor Supply зэрэг Америкийн тэргүүлэх компаниудын захиалсан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд ачигдаж иржээ. Үүнд хөлдөөгч, шарагч, гэрэл, тавилга, хувцас, гутал, компьютерийн эд анги, автомашины сэлбэг зэрэг бараанууд багтсан байна. Amazon олон улсын жижиглэн худалдаачдын өмнөөс бараа импортолсон байна. Харин Ikea, Home Depot, Ralph Lauren, LG зэрэг брэндүүд татвар нэмэгдсэн ч бараагаа нийлүүлж байгаагаа мэдэгдсэн байна.
Tractor Supply компанийн зүгээс “тарифын улмаас бизнесийн орчинд тодорхойгүй байдал үүсч, нийлүүлэлтийн сүлжээнд дарамт ирж байна” гэж тайлбарлав. Home Depot компани орлогын тайлан зарлахаас өмнө нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, хэрэглэгчдэд боломжийн үнийг хадгалахыг зорьж буйгаа онцолжээ.
SEKO Logistics компанийн худалдаа хариуцсан захирал Брайан Бөркийн хэлснээр, бизнесүүдийн хувьд тарифын нарийн зохицуулалтыг ойлгоход хүндрэлтэй байгаа бөгөөд шийдвэр гаргалтад шууд нөлөөлж байна. “Олон компани бүтээгдэхүүнээ татварын шинэ хэмжээ зарлагдахаас өмнө борлуулчихсан. Харин одоо тав, зургадугаар сард ирэх бүтээгдэхүүнүүдэд үнээ шинэчлэх боломжгүй болж, стратегиа хойшлуулахад хүрч байна” гэж тэрээр мэдэгдэв.
Энэ нөхцөл байдлын дунд Ерөнхийлөгч Трамп өөрийн Truth Social платформ дээр “Хятад руу ногдуулах тарифыг 80 хувь хүртэл бууруулах санал” дэвшүүлсэн ч энэ нь бизнесүүдийн хувьд одоогийн дарамтыг бууруулах хангалттай шийдэл болж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Тус мэдэгдэл нь Сангийн сайд Скотт Бессент Швейцарьт Хятадын төлөөлөгчидтэй хийх уулзалтаас өмнө гарсан юм.
Бодит байдал дээр тарифын шинэ бодлого нь Хятадаас АНУ руу чиглэсэн чингэлгийн урсгалыг огцом бууруулсан нь логистик, нийлүүлэлтийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна. Энэ нь цаашид АНУ-ын дотоодын үнийн түвшин, хэрэглэгчдийн сонголт, бизнесийн стратегид урт хугацааны нөлөө үзүүлэх төлөвтэй байна.