bnr-0
ЭЕШ-д бэлэн үү: шалгалтын амжилт тодорхойлох сэтгэл зүйн таван түлхүүр
06 сарын 09, 2025
ХУВААЛЦАХ
  • “Төгс хариулт” бус, бодит хандлага айдсыг багасгана.
  • Давталтаас илүү тайван амралт төвлөрлийг сайжруулна.
  • Амьсгалын болон дүрслэх дасгалууд тайван байхад тусална.
“Би заавал бүгдийг мэдэх ёстой” гэх бодол эсрэгээрээ дарамт үүсгэж, анхаарлаа сарниулах эрсдэлтэй

Элсэлтийн Ерөнхий Шалгалт эхлэхэд цөөн хоног үлдэж буй энэ үед сурагчдын дийлэнх нь хичээлээ сүүлийн удаа давтан сууцгааж байна. Гэвч бодит амжилт зөвхөн мэдлэгийн түвшнээс шалтгаалахгүй бөгөөд тухайн үеийн сэтгэл зүйн бэлтгэл ч бас ижил хэмжээнд чухал нөлөөтэйг сэтгэл зүйчид анхааруулж байна.
Юуны өмнө шалгалтад хандах сэтгэлгээгээ зөв тодорхойлох хэрэгтэй. “Би заавал бүгдийг мэдэх ёстой” гэх бодол эсрэгээрээ дарамт үүсгэж, анхаарлаа сарниулах эрсдэлтэй. Харин “Би чадлынхаа хэрээр хичээнэ” гэсэн бодит, уян хатан зорилго тавьснаар төвлөрөл нэмэгдэж, айдас багасдаг. Түүнчлэн, өөрийн сайн мэддэг сэдэвт тулгуурлаж ажиллах нь илүү итгэлтэй болгодог.
Сүүлийн өдрүүдийг зөв хэмнэлээр өнгөрүүлэх нь шалгалтын өдөр үзүүлэх гүйцэтгэлд чухал нөлөө үзүүлдэг. Шинэ сэдэв нэмж сурахаас илүүтэй өмнө үзсэн зүйлсээ системтэйгээр давтах, богино хугацааны амралт авч, шөнөдөө бүрэн нойр авах нь ой санамж болон анхааралд эерэгээр нөлөөлдөг байна. Ялангуяа шалгалтын өмнөх орой хичээлээ хойш тавьж, тайван амрах нь маргаашийн гүйцэтгэлд дэмжлэг болдог.
Сэтгэл зүйн тэнцвэрээ хадгалахад энгийн дасгалууд чухал үүрэгтэй. Хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол амьсгалын хэмнэлээр тархиа тайвшруулах явдал. “Дөрвөн секунд амьсгаа аваад, дөрвөн секунд барьж, дөрвөн секунд гаргах” гэх мэт хэмнэлтэй амьсгалын дасгалыг 3–5 удаа хийхэд тайвшрах мэдрэмж төрдөг. Үүний зэрэгцээ шалгалтын танхимд өөрийгөө итгэлтэйгээр хариулж буйгаар төсөөлөх дүрслэх бодлын техник тархинд “би чадна” гэсэн дохио өгдөг ажээ.
Дотоод ярианы чанар ч шалгалтын сэтгэл зүйд ихээхэн нөлөө үзүүлдэг. “Би чадах болов уу?” гэх эргэлзээг “Би хичээсэн, үр дүнгээ үзэх цаг” гэх эерэг өөртөө хандах хэлбэрээр сольж чадвал стресс, сандрал багасч, шийдвэр гаргах чадвар нэмэгддэг. Хамгийн чухал нь өөрийгөө бусадтай харьцуулахгүй байх юм. Нийгмийн сүлжээгээр дамжуулан бусдын оноо, бэлтгэлийн түвшинтэй өөрийгөө харьцуулах нь хэрэггүй дарамт үүсгэдэг. Харин өөрийн зорилго, хичээл зүтгэлд төвлөрөх нь илүү зохистой хандлага юм. Мөн хэрэггүй утсаа маажиж нийгмийн бухимдлыг тусгах нь сөрөг нөлөөтэй байх нь ээ.
Шалгалтын өмнөх үе бол сэтгэл зүйн хувьд хамгийн эмзэг үе. Энэ үед ганцаараа бүхнийг давах гэж зүтгэхээс илүү ойр дотныхноосоо дэмжлэг авах нь зөв алхам. Найз нөхөд, гэр бүл, багштайгаа нээлттэй ярилцаж, санаа бодлоо хуваалцсанаар сэтгэл хөнгөрч, өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Судалгаагаар бусдын дэмжлэг авсан сурагчид шалгалтад илүү тайван, төвлөрсөн байдалтай оролцдог нь батлагдсан байдаг.
ЭЕШ бол хувь хүний ирээдүйн цор ганц хэмжүүр биш. Гэхдээ тухайн мөчид өөрийгөө сорьж, хариуцлагатай байх боломж гэдгийг ухамсарлах нь шалгалтад тайван, ухаалгаар хандах сэтгэл зүйн үндэс юм. Итгэлтэй, тайван, зорилготой байвал амжилт боломжийн хэмжээнд заавал ирдэг байна.  

mobile-logo