- “Samsung Electronics” 16.5 тэрбум ам.долларын дүн бүхий хагас дамжуулагч нийлүүлэх урт хугацааны гэрээ байгууллаа.
- Харилцагч талын хүсэлтээр гэрээний дэлгэрэнгүй мэдээлэл, компанийн нэрийг 2033 он хүртэл нууцлах болно.
- Гэвч “Samsung” хиймэл оюуны зориулалттай өндөр хурдны санах ой (HBM) бүтээгдэхүүнээр “SK Hynix”, “Micron” зэрэг өрсөлдөгчөөсөө хоцорч буй.

“Samsung Electronics” 16.5 тэрбум ам.долларын дүн бүхий хагас дамжуулагч нийлүүлэх томоохон гэрээ байгуулсан талаар мэдэгдлээ. Энэхүү гэрээ 2024 оны долдугаар сарын 26-аас хэрэгжиж эхэлж, 2033 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусах аж. Харилцагч талын хүсэлтээр гэрээний дэлгэрэнгүй мэдээлэл болон хамтрагч компанийн нэрийг худалдааны нууцлалын үүднээс 2033 он хүртэл нууцлах болсон байна. Уг мэдээ нийтэд хүрсний дараа “Samsung”-ийн хувьцааны ханш 2 хувиар өсчээ.
Тус компани нь чипийг бусад компанийн загвар дээр тулгуурлан үйлдвэрлэдэг бөгөөд энэ салбарт Тайванийн “TSMC”-ийн дараа дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг. Гэвч ийнхүү том гэрээ байгуулсан ч “Samsung”-ийн санхүүгийн байдал сорилттой хэвээр байна. Санах ойн чипийн зах зээлд захиалга буурсны зэрэгцээ хиймэл оюуны зориулалттай өндөр хурдны санах ой (HBM) бүтээгдэхүүнээр “SK Hynix”, “Micron” зэрэг өрсөлдөгчөөсөө хоцорч буй. Тус компанийн хоёрдугаар улирлын ашиг нь өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин буурна хэмээн шинжээчид таамаглаж байгаа юм.
“SK Hynix” нь хиймэл оюуны зах зээлд тэргүүлж буй “Nvidia”-ийн гол ханган нийлүүлэгч болж, HBM чипийн салбарт давамгайлж буй. Харин “Samsung”-ийн шинэ үеийн HBM чипүүдийг “Nvidia” хараахан баталгаажуулаагүй бөгөөд есдүгээр сараас нааш батлахгүй байж магадгүй талаар дотоод эх сурвалжууд мэдээлжээ.
Тус компани хоёрдугаар улирлын тайлангаа энэ долоо хоногт нийтэд танилцуулах төлөвтэй байна.