- “Ray-Ban Meta” ухаалаг нүдний шилний борлуулалт өнгөрсөн жилийнхээс гурав дахин өссөн талаар “EssilorLuxottica” компани мэдээллээ.
- 2025 оны эхний хагас жилийн байдлаар “EssilorLuxottica” нийт 14.02 тэрбум еврогийн борлуулалт хийжээ.
- Тус компани “Prada” брэндийн загварыг ирээдүйд танилцуулахаар төлөвлөж буйгаа мөн мэдэгдсэн байна.

“Ray-Ban Meta” ухаалаг нүдний шилний борлуулалт өнгөрсөн жилийнхээс гурав дахин өссөн талаар “EssilorLuxottica” компани мэдээллээ. Энэ нь тус компанийн “Meta”-тай хамтран 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн стратегийн түншлэлийн нэг томоохон үр дүн болсон байна.
Тайланд дурдсанаар, 2025 оны эхний хагас жилийн байдлаар “EssilorLuxottica” нийт 14.02 тэрбум еврогийн буюу ойролцоогоор 16.25 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.3 хувийн өсөлттэй байгаа юм.
Компанийн гүйцэтгэх захирал Франческо Миллери болон дэд захирал Пол дю Сайян нар хамтран гаргасан мэдэгдэлдээ “Бид нүдний шилийг ирээдүйн технологийн шинэ тавцан болгож, хиймэл оюун ухаан, мэдрэгчийн технологи болон эрүүл мэндийн өгөгдөлд суурилсан системийн уялдааг ашиглан хүний боломжийг бүрэн нээхийг зорьж байна” хэмээн онцолжээ. Мөн тэд “Ray-Ban Meta” шилний амжилтыг энэхүү зорилгын эхний томоохон алхам хэмээн тодорхойлсон байна.
Тус компани өнгөрсөн зургадугаар сард “Meta”-тай хамтран гаргасан шинэ загвар болох “Oakley Meta” ухаалаг нүдний шилийг мөн онцолжээ. Спортын хэрэглээнд зориулагдсан энэхүү загвар нь “Ray-Ban Meta”-ийн дараагийн үеийн бүтээгдэхүүн бөгөөд дуу хураагч, камер, чанга яригч, хиймэл оюун ухаанд суурилсан туслах зэрэг олон төрлийн технологийг нэгтгэж өгсөн байна. Энэхүү шилийг ашигласнаар хэрэглэгч гар утасгүйгээр дуут команд өгөх, зураг авах, шууд дамжуулалт хийх, мэдээлэл авах зэрэг олон үйлдлийг гүйцэтгэх боломжтой болжээ. Үүнээс гадна, тус компани “Prada” брэндийн загварыг ирээдүйд танилцуулахаар төлөвлөж буйгаа мөн мэдэгдсэн байна.
“Luxottica” нь “Ray-Ban”, “Oakley”, “Vogue Eyewear”, “Persol” зэрэг олон алдартай нүдний шилний брэндийг эзэмшдэг бөгөөд өнгөрсөн есдүгээр сард “Meta”-тай байгуулсан ухаалаг шилний хамтын ажиллагаагаа арван жилээр сунган, олон үеийн шинэ бүтээгдэхүүн хамтран хөгжүүлэхээр албан ёсоор тохиролцсон юм.