- Рубль энэ онд 40 гаруй хувиар чангарч, дэлхийн хамгийн өндөр өсөлттэй валют болов.
- Валютын хатуу хяналт, өндөр хүү, экспортын орлогын хөрвөлт нь рублийн өсөлтийн гол шалтгаан.
- Газрын тосны үнэ буурснаар рублийн өсөлт удааширч, төсвийн алдагдал нэмэгдэх эрсдэл үүсч байна.

Оросын эдийн засаг хориг, дайн, газрын тосны үнийн уналтад нэрвэгдэж байгаа хэдий ч тус улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох рубль 2025 оны эхний хагаст дэлхийн хамгийн сайн гүйцэтгэлтэй валют боллоо. Bank of America-ийн мэдээлснээр рубль оны эхнээс хойш 40 гаруй хувиар өсч, хосгүй амжилтад хүрчээ.
Рублийн өсөлтийн гол шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдсэнтэй бус, харин Оросын төв банкны өндөр хүү, капиталын хяналт, валютын хатуу зохицуулалттай холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. Wells Fargo банкны валютын стратегич Брендан Маккеннагийн хэлснээр төв банк бодлогын хүүг 20 хувьд хадгалж, зээлийн хатуу нөхцөл тогтоосноор импорт буурч, гадаад валютын эрэлт хумигдсан нь рублийг дэмжжээ.
Renaissance Capital-ын эдийн засагч Андрей Мелашенкогийн хэлснээр хэрэглээний уналт, импортын татвар өсөхөөс өмнө хуримтлагдсан бараа бүтээгдэхүүний нөөц хэтэрсэн нь 2025 оны эхний улиралд валютын эрэлт буурахад голлон нөлөөлсөн байна.
Түүнчлэн экспортлогчид, ялангуяа газрын тосны салбарынхан гадаад орлогоо рубльд хөрвүүлэх шаардлагатай болсон нь дотоод зах зээлд рублийн эрэлтийг өсгөсөн. Энэ оны эхний дөрвөн сард томоохон экспортлогчид нийт 42.5 тэрбум ам.долларын валютыг рубльд хөрвүүлжээ.
Төв банк мөнгөний нийлүүлэлтийг хумиж, эдийн засаг дахь мөнгөний өсөлтийг 2023 оны наймдугаар сард 23.9 хувь байсан бол 2025 оны нэгдүгээр сараас хойш -1.19 хувь болгон бууруулсан нь рублийг дэмжих бас нэг хүчин зүйл болсон гэж Жонс Хопкинсийн их сургуулийн профессор Стив Ханке үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонгогдсоноос хойш энхийн хэлэлцээ хийх найдвар нэмэгдсэн нь зарим хөрөнгө оруулагчдыг рубльд суурилсан актив руу дахин хандахад хүргэсэн ч энэ нь тогтворгүй хандлага хэмээн үздэг. Гэсэн ч шинжээчид рублийн өсөлт тогтвортой байх эсэхэд болгоомжтой хандаж байна. Газрын тосны үнэ огцом буурч, экспортын орлогыг багасгаж буй нь рублийн ханшид дарамт үзүүлж эхэлжээ. Хэрэв Орос, Украин хоёр энхийн тохиролцоонд хүрвэл капиталын хяналт цуцлагдаж, төв банк хүүгээ огцом бууруулах магадлалтай юм. Энэ тохиолдолд рубль огцом унах эрсдэлтэй гэж шинжээчид анхааруулж байна.
Мөн рублийн чангарлаас үүдэн экспортлогчдын ашиг багасч, газрын тосны орлого буурч буй тул Орост төсвийн дарамт үүсч эхэлсэн. 2024 онд улсын орлогын 30 орчим хувийг бүрдүүлж байсан газрын тос, байгалийн хийн орлого суларснаар Сангийн яам үндэсний нөөц сангаас зардлаа нөхөхөд хүрч байгаа юм.
Олон улсын зах зээлээс бараг тусгаарлагдсан Оросын хувьд рублийн ханш сул байх нь худалдааны өрсөлдөх чадварт онц нөлөө үзүүлдэггүй гэж шинжээчид дүгнэж байна. Тиймээс рублийн өнөөгийн өсөлт түр зуурынх байх магадлал өндөр байна.