bnr-0
“Lululemon”-ийн АНУ дахь борлуулалт саарсан ч олон улсын зах зээлд огцом өсчээ
12 сарын 06, 2024
ХУВААЛЦАХ
  • Тус спортын хувцасны брэндийн нэгж хувьцаанд ногдох ашиг 2.87 ам.долларт хүрч, нийт 2.40 тэрбум ам.долларын орлого олсон нь Уолл Стрийтийн хүлээлтийг давуулжээ.
  • Тус брэндийн өмнө “Nike”, “Athleta”, “Vuori”, “Alo Yoga” зэрэг хүчтэй өрсөлдөгчтэй зах зээлд байр сууриа хадгалах, мөн АНУ дахь борлуулалтын бууралт, зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн алдаа зэрэг сорилт тулгарсаар байна.
  • Зах зээл дэх байр сууриа дахин сэргээхийн тулд “Lululemon” бүтээгдэхүүнийхээ загвар, шинэчлэлийг эрчимжүүлж, брэнд болон бараа бүтээгдэхүүний багуудаа илүү чадавхжуулж эхэлжээ.
“Lululemon” брэндийн АНУ дахь борлуулалт 2 хувиар буурсан боловч олон улсын зах зээлд борлуулалт 25 хувиар өсөж, Америкийн бус орнуудаас олох орлого 33 хувиар нэмэгджээ.

“Lululemon” брэндийн АНУ дахь борлуулалтын өсөлт удааширсан ч олон улсын зах зээл дээрх эрэлт нэмэгдэж, гуравдугаар улиралд борлуулалт жилийн дүнгээр нийт 9 хувиар өссөн байна. Тус спортын хувцасны брэндийн нэгж хувьцаанд ногдох ашиг 2.87 ам.долларт хүрч, нийт 2.40 тэрбум ам.долларын орлого олсон нь Уолл Стрийтийн хүлээлтийг давуулжээ.

Баярын өдрүүдийн борлуулалтын хувьд “Lululemon” 8-10 хувийн өсөлттэй, 3.50 тэрбум орчим ам.долларын борлуулалт хийхээр төлөвлөж, нэгж хувьцаанд ногдох ашгийг 5.56–5.64 ам.доллар гэж тооцсон нь шинжээчдийн таамагласнаас өндөр дүн юм. Түүнчлэн бүтэн жилийн орлогын төлөвөө 10.45–10.49 тэрбум ам.доллар болгон шинэчилж, нэгж хувьцаанд ногдох ашгийг 14.08–14.16 ам.доллар гэж тооцжээ.

Тус брэндийн өмнө “Nike”, “Athleta”, “Vuori”, “Alo Yoga” зэрэг хүчтэй өрсөлдөгчтэй зах зээлд байр сууриа хадгалах, мөн АНУ дахь борлуулалтын бууралт, зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн алдаа зэрэг сорилт тулгарсаар байна. АНУ дахь борлуулалт 2 хувиар буурсан боловч олон улсын зах зээлд борлуулалт 25 хувиар өсөж, Америкийн бус орнуудаас олох орлого 33 хувиар нэмэгджээ.

Зах зээл дэх байр сууриа дахин сэргээхийн тулд “Lululemon” бүтээгдэхүүнийхээ загвар, шинэчлэлийг эрчимжүүлж, брэнд болон бараа бүтээгдэхүүний багуудаа илүү чадавхжуулж эхэлжээ. Шинжээчид тус брэндийн эмэгтэй хувцасны шинэ коллекцыг шинэлэг, сонирхолтой болсон гэж үнэлж, энэ нь худалдан авалт болон хэрэглэгчдийн сэтгэл ханамжид эергээр нөлөөлсөн гэж онцолсон байна.

Компани мөн ашгийн хэмжээгээ нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байгаа бөгөөд гуравдугаар улиралд нийт ашиг нь 58.5 хувьд хүрч, хүлээлтээс давсан үзүүлэлт гаргажээ. Хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалахын тулд хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөртөө 1 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт зарцуулахаар болсон аж.

Тус компанийн Гүйцэтгэх захирал Кэлвин МакДоналд баярын өдрүүдээр өөдрөг төсөөлөлтэй байгаа ч худалдаа хийх хугацаа богино, эдийн засгийн тодорхойгүй байдлын улмаас төлөвлөлтдөө хянуур хандаж байгаагаа дурдсан байна.   

 

mobile-logo