bnr-0
Монголбанк долдугаар сард 1.18 тонн алт худалдан авч, өмнөх оны мөн үеэс 23.9 хувиар буурлаа
08 сарын 06, 2025
ХУВААЛЦАХ
  • Монголбанк 2025 оны долдугаар сард нийт 1186.2 кг үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
  • 2020 оноос эхлэн Монголбанкны худалдаж авсан алтны хэмжээ жил бүр буурч буй.
  • Энэ оны эхнээс өссөн дүнгээр худалдан авалтын дийлэнхийг Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс бүрдүүлж, 938.9 кг үнэт металл авчээ.
Монголбанк 2025 оны долдугаар сард нийт 1186.2 кг үнэт металл худалдан авсан байна.

Монголбанк 2025 оны долдугаар сард нийт 1186.2 кг үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Он гарсаар нийт 7 тонн үнэт металл худалдан аваад байгаа нь мөн өмнөх жилүүдийн түвшнээс доогуур байгаа юм. 

2020 оноос эхлэн Монголбанкны худалдаж авсан алтны хэмжээ жил бүр буурч буй. Тухайлбал, 2020 онд нийт 23,569 кг үнэт металл авсан бол 2024 онд энэ тоо 16,457 кг болж огцом буурсан байна. Харин 2025 онд эхний долоон сарын байдлаар 7,048 кг үнэт металл худалдан аваад байгаа нь жилийн эцэст ч өмнөх оны үзүүлэлтийг гүйцэхгүй байх төлөвтэй байгааг харуулж байна. 

Энэ оны эхнээс өссөн дүнгээр худалдан авалтын дийлэнхийг Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс бүрдүүлж, 938.9 кг үнэт металл авчээ. Харин Дархан-Уул аймаг дахь хэлтэс 396.6 кг үнэт металл авсан байна. Энэ нь орон нутгийн салбаруудын худалдан авалтын тэнцвэрт бус байдал, төвлөрөл ихтэй байгааг харуулж буй. 

Монголбанк үнэт металлыг худалдан авахдаа Лондоны металлын бирж болон дэлхийн зах зээлийн үнийн түвшинг үндэслэж тухайн өдрийн Монголбанкны албан ханшаар тооцон дотоодын зах зээлд үнэ тогтоодог. 2025 оны долдугаар сард үнэт металл худалдан авах дундаж үнэ грамм тутамд үнэ 384,712.91 төгрөгт хүрчээ.   

mobile-logo