bnr-0
Томоохон компаниуд олноор цомхотгол хийж эхэллээ; хиймэл оюун ба тарифын дарамт гол шалтгаанууд болж байна
06 сарын 09, 2025
ХУВААЛЦАХ
  • Walmart, Microsoft, Amazon, P&G, Disney зэрэг олон компани зардал бууруулах хүрээнд цомхотгол зарлалаа.
  • Зарим компани хиймэл оюуны нөлөөг тодорхой дурдаж, хүний нөөцийн хэрэгцээ огцом буурсан гэж мэдэгдэв.
  • Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлого эдийн засгийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинд эрсдэл үүсгэж байна.

АНУ-ын томоохон компаниуд зардлаа танах, бүтцийн шинэчлэл хийх хүрээнд ажилтнуудаа олноор цомхотгож эхэллээ. Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны хатуу бодлого, хиймэл оюуны нөлөө, хэрэглээний эрэлт буурсан зэрэг олон хүчин зүйл энэ үзэгдлийн шалтгаан болж байна.

Procter & Gamble ойрын хоёр жилийн хугацаанд 7,000 ажлын байрыг буюу үйлдвэрлэлээс бусад нийт ажилчдынхаа 15 хувийг цомхотгохоор шийдвэрлэжээ. Компанийн санхүү хариуцсан захирал өөрчлөлтүүдийг бүхэл бүтэн сүлжээ, бүтээгдэхүүний багц, байгууллагын бүтцэд хийхээр төлөвлөж буйг дурдсан байна.

Microsoft тавдугаар сарын 13-нд 6,000 ажилтныг буюу нийт ажиллах хүчнийхээ 3 хувийг танах шийдвэр гаргасан. Уг цомхотгол нь менежментийн давхардлыг багасгах зорилготой бөгөөд өмнөх цомхотголуудаас ялгаатай нь гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоогүй аж.

Citigroup Хятадад 3,500 ажлын байр цомхотгохоор мэдэгдэв. Ихэнх цомхотгол мэдээллийн технологийн үйлчилгээний салбарт хийгдэх ба зарим ажлын байрыг тус банкны бусад төв рүү шилжүүлэхээр төлөвлөсөн байна.

Walmart 1,500 ажлын байрыг танах ба энэ нь технологи, үйл ажиллагаа, цахим худалдаа, зар сурталчилгааны багуудыг хамарч байна. Тарифын өсөлт хэрэглэгчийн үнийн түвшинд нөлөөлж болзошгүйг санхүү хариуцсан захирал нь онцолжээ.

Klarna хиймэл оюуны нэвтрүүлэлт болон ажилтан элсүүлэлтийн зогсолтын улмаас нийт хүний нөөцийнхөө 40 хувийг бууруулжээ. Тус компанид хиймэл оюун 700 гаруй хэрэглэгчийн үйлчилгээний ажилтны үүргийг гүйцэтгэж байгаа аж.

CrowdStrike кибер аюулгүй байдлын компанийн зүгээс 500 ажилтныг буюу нийт ажиллах хүчний 5 хувийг цомхотгох болсноо зарлажээ. Гүйцэтгэх захирал энэхүү өөрчлөлт нь хиймэл оюуны нөлөөгөөр зах зээл хурдтай хувьсаж буйтай холбоотой гэж тайлбарласан байна.

Disney зургадугаар сарын 3-нд дэлхий даяарх хэдэн зуун ажлын байрыг цомхотгохоо зарлаж, кино, телевизийн сурталчилгаа, хөгжүүлэлт болон уран бүтээлийн сонгон шалгаруулалтын багуудад нөлөөлнө гэжээ.

Chegg онлайн боловсролын платформ 248 ажлын байр буюу нийт ажиллах хүчнийхээ 22 хувийг танасан. Компанийн зүгээс хиймэл оюуны хөгжлийн нөлөөгөөр боловсролын хэрэглээ хурдан өөрчлөгдөж буйг онцолж байна.

Amazon Alexa болон Zoox зэрэг төхөөрөмж, үйлчилгээний багуудад 100 орчим ажлын байрыг цомхотгосон. Энэхүү алхам нь компанийн гүйцэтгэх захирал Энди Жэссигийн хэрэгжүүлж буй үр ашиг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд хийгджээ.

Warner Bros. Discovery 100 хүрэхгүй ажлын байрыг танахаар болсон. Уг өөрчлөлт нь тус компанийн телевизийн сувгууд болон стриминг үйлчилгээ, студийн чиглэлд хийсэн бүтцийн шинэчлэлийн дараа хийгдэж буйг мэдээлж байна.

Цомхотголуудын ихэнх нь хиймэл оюуны нэвтрэлт, бүтээмжийн шинэ аргачлал, бүтэц дахин зохион байгуулалттай холбоотойгоор хийгдэж байгаа ч, олон нийт, шинжээчид үүнийг ажилгүйдлийн өсөлт, нийгмийн стрессийн эх сурвалж болж болзошгүй хэмээн анхааруулж байна.  

mobile-logo