bnr-0
Хэвлэн нийтлэх эрх чөлөөг шинэчилсэн хуулиар баталгаажуулах эхлэл тавигдлаа
04 сарын 24, 2025
ХУВААЛЦАХ
  • Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэ төсөл хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжив.
  • Эзэмшлийн ил тод байдал, эх сурвалж нууцлах эрхийг баталгаажуулсан зохицуулалтууд тусгав.
  • “Ташаа” болон “илт худал” мэдээллийн ялгааг тодорхойлж, сэтгүүлчийн хариуцлагыг бодитоор хэмжих боломжтой боллоо.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “ташаа мэдээлэл” ба “илт худал мэдээлэл”-ийн ялгааг тодорхой заасан нь онцлох шинэчлэл боллоо.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг авч хэлэлцэн, олонхын саналаар дэмжлээ. Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулж, үндсэн зорилгыг нь хэвлэн нийтлэх эрх чөлөөг хуулийн хүрээнд баталгаажуулах, нийгмийн хариуцлага, үндэсний аюулгүй байдлыг хангахтай уялдуулан боловсруулсан гэдгийг тодотгосон байна.

Шинэчилсэн төсөлд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрх зүйн тодорхойлолт, үйл ажиллагааны зохицуулалтыг тусгаж, хэвлэлийн эрх чөлөө нь үзэл бодлоо илэрхийлэх эрхийн нэг хэсэг боловч илүү өндөр үүрэг хариуцлагатай байх шаардлагыг онцолжээ. Мөн эзэмшлийн ил тод байдал, мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрх, хэт төвлөрлөөс сэргийлэх зэрэг олон чухал шинэчлэл багтжээ. Сайд О.Алтангэрэлийн тайлбарласнаар, хуулийн төсөлд 5 хувиас дээш хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчийн мэдээллийг ил тод байлгах, төрийн байгууллагаас ирүүлсэн гомдлыг редакц болон өөрийн зохицуулалтын байгууллагад шийдвэрлүүлэх боломжтой болгох зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд олон асуулт тавьж, тодруулга авсан юм. Тухайлбал, гишүүн С.Зулпхар сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхийг хэрхэн баталгаажуулж байгааг тодруулсан бол сайд О.Алтангэрэл уг эрхийг бүх хэвлэл мэдээллийн байгууллагад тэгш олгохоор тусгасныг мэдэгдэв. Гэхдээ хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй тохиолдолд эх сурвалжаа илчлэх эсэхийг сэтгүүлч өөрөө шийдвэрлэх заалт оруулсан байна.

Мөн “ташаа мэдээлэл” ба “илт худал мэдээлэл”-ийн ялгааг тодорхой заасан нь онцлох шинэчлэл боллоо. Тодруулбал, ташаа мэдээлэл гэдэг нь мэдээг тараасан этгээд тухайн мэдээллийг худал гэдгийг мэдэхгүй, эсвэл мэдэх боломжгүй байсан нөхцөлд гарсан алдаа бол илт худал мэдээлэл нь зориуд хохирол учруулах зорилготой, ор үндэсгүй мэдээллийг хэлнэ гэж тусгасан байна. Энэ заалтыг сэтгүүл зүйн практикт өргөн хэрэглэгддэг, алдаа эндүүрэлтэй мэдээллийг хууль бус үйлдэлтэй андуурахгүй байх агуулгатай хэмээн тайлбарлажээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай гэж үзэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Уг шинэчлэл нь хэвлэлийн эрх чөлөөг бодитоор хэрэгжүүлэх, Монгол Улсад нэн дутагдалтай буй хэвлэл мэдээллийн салбарын ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх алхам болж байна.   

mobile-logo