bnr-0
Монголбанк: Цахилгаан, дулааны үнэ инфляц өдөөж, ЭТТ ногдол ашиг эдийн засагт халалт үүсгэсэн
04 сарын 24, 2025
ХУВААЛЦАХ
  • Цахилгаан, дулааны үнийн өсөлт инфляцыг өдөөснөөр Төв банкны зорилтот түвшинг давуулжээ.
  • Төвбанкны тайлангаар “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг эдийн засагт мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлж халалт үүсгэсэн байна.
  • Заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлж, инфляцын эсрэг бодлогын арга хэмжээг эхлүүлэв.
Өнгөрсөн оны эцэст төсвийн тэлэлт, цалин хөлсний өсөлттэй зэрэгцэн цахилгаан, дулааны төлбөрийг нэмэх шийдвэр гаргасан нь инфляцыг зардлын сувгаар хөөргөсөн гол хүчин зүйл болсон гэж Төв банк дүгнэжээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны эхний улирлын тайланд дурдсанаар, инфляц 2024 оны сүүлийн саруудаас эрчимжиж, 2025 оны эхний саруудад хүлээлтээс давсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь мөнгөний бодлогыг зөөлөн чиглэлээс хатуу төлөвт шилжүүлэх шаардлагыг бий болгосон байна.

Өнгөрсөн оны эцэст төсвийн тэлэлт, цалин хөлсний өсөлттэй зэрэгцэн цахилгаан, дулааны төлбөрийг нэмэх шийдвэр гаргасан нь инфляцыг зардлын сувгаар хөөргөсөн гол хүчин зүйл болсон гэж Төв банк дүгнэжээ. Үүнээс гадна Засгийн газраас 2024 оны арванхоёрдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн ногдол ашгийг нийт иргэдэд тараасан нь дотоод эрэлтийг нэмэгдүүлж, эдийн засагт халалтын шинж үүсгэх шалтгаан болжээ.

Энэхүү нөхцөл байдлыг харгалзан Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах зорилгоор арилжааны банкуудад заавал байлгах нөөцийн хэмжээг 2025 оны нэгдүгээр сард нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна. Энэ нь арилжааны банкуудын Монголбанкны харьяа дансанд байршуулах ёстой заавал хадгалах мөнгөний хэмжээ бөгөөд тус шийдвэр нь банкуудын чөлөөт эх үүсвэрийг бууруулж, зээлийн нийлүүлэлтийг хумих замаар инфляцын дарамтыг бууруулах зорилготой.

Мөнгөний бодлогын хорооны гишүүдийн зүгээс, төгрөгийн болон гадаад валютын ЗБН-ийг зэрэг нэмэгдүүлснээр нүүрсний үнийн уналтаас үүдэлтэй төлбөрийн тэнцлийн дарамтад өртөхөөс сэргийлэх, мөн банкны системийн долларжилтын эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтой гэж үзжээ.

Түүнчлэн энэ онд төрийн зохицуулалттай бараа, үйлчилгээний үнэ буюу цахилгаан, ус, нийтийн тээвэр зэрэг салбарын тариф дахин өсөх төлөвтэй байгаа нь аж ахуйн нэгжийн зардлыг өсгөж, инфляцыг өдөөгч хүчин зүйл болохыг анхааруулсан байна. Мөн эдийн засгийн идэвхжил, бүтээн байгуулалтын томоохон төслүүд, төсвийн санхүүжилттэй уялдан эрэлтийн шалтгаантай инфляц цаашид нэмэгдэх магадлал өндөр хэвээр байгааг тэмдэглэжээ.

Иймд 2025 оны гуравдугаар сарын ээлжит хурлаар бодлогын хүүг нэмэгдүүлэх, мөнгөний бодлогын төлөвийг цаашид ч хатуу барих саналыг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүд дэмжиж, инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах чиглэлд шийдвэртэй алхам хийжээ.

МБХ-ны зарим гишүүдийн онцолсноор, төсвийн зарцуулалт, төслийн санхүүжилт зэрэг дотоод хүчин зүйлс нь хүлээлтээс илүү идэвхтэй өрнөх төлөвтэй байгаа тул эдийн засагт үзүүлэх нөлөөллийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд ил тод, ойлгомжтой тайлбарлаж, хүлээлтийг удирдах нь мөн чухал гэж үзсэн байна.   

mobile-logo