
Өнгөрсөн жилүүдэд улс төр, технологийн салбарт ойр дотно харилцаатай байсан Ерөнхийлөгч Дональд Трамп, Tesla болон SpaceX-ийн гүйцэтгэх захирал Илон Маск нарын хоорондын харилцаа олон нийтийн сүлжээнд хурц маргаан болж хувирлаа.
Маргааны гол суурь нь Трампын шинэ төсөв болон татварын багц хуульд Маск шүүмжлэлтэй хандаж, улмаар Трамп түүний компаниудын олон тэрбум ам.долларын гэрээг эргэн харахыг анхааруулснаар эхэлжээ. Маск ч мөн хариуд нь “Трамп миний дэмжлэггүйгээр ялж чадахгүй байсан” хэмээн мэдэгдсэн юм.
Хедж сангийн тэрбумтан Билл Акман тэднийг эвлэрэхийг уриалж “Бид хамтдаа хүчтэй” гэж X платформд жиргэхэд Илон Маск “Тантай санал нэг” хэмээн хариулжээ. Конгрессын гишүүн Жим Жордан Fox News-д өгсөн ярилцлагадаа мөн эвлэрлийг дэмжсэн бол Стив Бэннон илүү хатуу байр суурь илэрхийлж, Трампыг SpaceX-ийг төрийн мэдэлд авж Илон Маскийг Өмнөд Африк руу хөөж явуулахыг уриалсан юм.
Трампын эсрэг байр суурь баримталдаг Конгрессын гишүүн Томас Масси “Энэ уналт зайлшгүй байсан. Ухаалаг машиныг хүлцэнгүй удирдлагатай бүтээдэггүй юм” хэмээн шүүмжилжээ. Харин тэрбумтан хөрөнгө оруулагч Марк Кюбан Маскийн “шинэ улс төрийн нам” байгуулах саналд дэмжлэг үзүүлсэн бол бие даагч Эндрю Янг 2028 оны сонгуулийн санаачилгыг дэвшүүлжээ.
Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорски Масктай дахин цахим маргаан өрнүүлж “Агуу хүн минь, улс төр бодсон шиг чинь амархан биш” хэмээн хариу барьсан бол Европын Холбооны технологийн салбарын хуучин төлөөлөгч Тиерри Бретон зөвхөн нүд болон попкорн эможи нийтэлж нөхцөл байдлыг ажиглаж буйгаа илэрхийлжээ.
Tesla-ийн хувьцааны ханш уг маргааны дараа 14 хувиар унаж, зах зээлийн үнэлгээ нь 152 тэрбум ам.доллараар буурсан нь хөрөнгө оруулагчдын дунд асар их түгшүүр төрүүлэв. Wedbush-ийн шинжээч Дэн Айвс “Энэ нь зах зээлд цочрол өгсөн үйл явдал” гэж дүгнэсэн бөгөөд тус компани Tesla-ийн ирээдүйн талаар эерэг байр суурьтай хэвээр буй ч “Трампын засаг захиргааны үед зохицуулалтын орчинд саад учирна” гэж анхааруулжээ.
Хөрөнгө оруулалтын менежер Росс Гербер Маскийг “өөрөө эрх мэдэлд хүргэсэн хүмүүс рүүгээ дайрч байна” хэмээн шүүмжилж "Трамп өөрийн шинэ Tesla-г буцаах гэж байна" хэмээн егөөджээ. Future Fund-ийн захирал Гэри Блэк Tesla-ийн хувьцаагаа бүрэн зарсан бөгөөд энэхүү маргаан “улсын хэмжээнд Tesla-гийн автомат жолоодлогын тусгай зөвшөөрөл авах боломжийг тасалдуулав” гэж мэдэгджээ.
Илон Маскийн SpaceX нь АНУ-ын сансрын технологийн давамгай байдлыг баталгаажуулж буй ч улс төрийн маргаан энэхүү давуу байдлыг эрсдэлд оруулж болзошгүй гэж эдийн засагч Дэвид Розенберг анхааруулсан байна. Түүнчлэн Трампын төсөвт эсрэг санал өгөхөөр завдаж буй зарим Бүгд Найрамдахчууд Маскийн сөрөг байр суурийг шалтгаан болгож буйг тэмдэглэжээ.
Юутай ч Трамп, Маскийн зөрчил технологи, улс төрийн зохицуулалт, бодлогын чиг хандлагад ноцтой нөлөөлж эхэлж байна. Энэ нь зөвхөн хувийн маргаан бус АНУ-ын инновац ба хөрөнгө оруулалтын ирээдүйд чиглэсэн өргөн хүрээний сорилт болон хувирч болзошгүй байгаа юм.