- “Инвескор Проперти” ХХК-ийн хэрэгжүүлсэн Ай Си Тауэр барилга, байгууламж нь Олон улсын санхүүгийн корпорацын (IFC) "EDGE Advanced" түвшний шаардлагыг хангаж, байгаль орчинд ээлтэй, тогтвортой менежментийг хэрэгжүүлэгч ногоон барилга, байгууламжаар шалгарлаа.
- Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацаас дэлхийн 150 гаруй улсад нэвтрүүлээд буй EDGE систем нь эрчим хүч, усны хэрэглээ болон ашигласан барилгын материал гэсэн үндсэн 3 үзүүлэлтээр ногоон барилга, байгууламжийг үнэлдэг байна.
- Түүнчлэн Ай Си Тауэр нь ногоон барилгын гэрчилгээ авснаар тус барилгад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид болон шинэ талбай худалдан авахаар сонирхож буй харилцагчид банкнуудын хөнгөлөлттэй ногоон зээлд хамрагдах боломжтой болжээ.

“Инвескор Проперти” ХХК-ийн хэрэгжүүлсэн Ай Си Тауэр барилга, байгууламж нь Олон улсын санхүүгийн корпорацын (IFC) "EDGE Advanced" түвшний шаардлагыг хангаж, байгаль орчинд ээлтэй, тогтвортой менежментийг хэрэгжүүлэгч ногоон барилга, байгууламжаар шалгарлаа.
Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацаас дэлхийн 150 гаруй улсад нэвтрүүлээд буй EDGE (Excellence in Design for Greater Efficiencies) систем нь эрчим хүч, усны хэрэглээ болон ашигласан барилгын материал гэсэн үндсэн 3 үзүүлэлтээр ногоон барилга, байгууламжийг үнэлдэг байна. Мөн тухайн улс орны норм, стандартад заасан үзүүлэлтээс 20 хувиас доошгүй үр ашигтай байх шаардлагыг тавьдаг аж.
Харин Ай Си Тауэр барилга, байгууламжийн хувьд барилгын материалын нүүрстөрөгчийн биет үзүүлэлт 29 хувиар бага, эрчим хүчний хэмнэлт 41 хувь, усны хэрэглээ 35 хувиар хэмнэлтийн суурь үзүүлэлттэйгээр стандарт шаардлагыг давуулан гүйцэтгээд буй. Ийнхүү Ай Си Тауэр “EDGE Advanced” үнэлгээний түвшинг хангасан Монголын анхны оффис, үйлчилгээний ногоон барилга, байгууламж боллоо.
Түүнчлэн тус барилга нь ногоон барилгын стандарт шаардлагад нийцэхүйц цонх ханын харьцаа, эрчим хүчний хэмнэлттэй халаалтын системийг нэвтрүүлсэн бөгөөд усны хэрэглээг хэмнэх орчин үеийн шийдэл бүхий автомат тоноглолыг суурилуулсан байна. Барилгын материалын шийдлийн хувьд 3 давхар шиллэгээ бүхий хөнгөн цагаан цонх, нүүрстөрөгчийн биет үзүүлэлтийг бага байлгахад нөлөөлдөг, барилгын урт хугацааны бат бөх байдлыг хангах, дулаан болон агаарын алдагдлыг багасгадаг бүрэн цутгамал бетон болон арматур хийцийг сонгосон нь агааржуулалт, халаалт хөргөлтийн системийн хэрэглээг бууруулж эргээд эрчим хүчний хэмнэлтийг бий болгожээ.
Төслийн хөгжүүлэгч бөгөөд хөрөнгийн менежер болох “Инвескор Проперти” ХХК нь тус салбарт 2017 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд менежмент хийж байгаа болон шинээр хөгжүүлж буй төслүүддээ ногоон барилгын стандарт, шаардлагыг бүрэн хангасан барилга байгууламжийн шийдэл, тогтвортой менежментийг үе шаттайгаар нэвтрүүлэн хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.
Ногоон барилга, байгууламж болсноороо байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх чухал алхам болохоос гадна хэрэглээний зөв дадлыг төлөвшүүлж, эрүүл, аюулгүй орчин бий болгодог нь иргэдийн амьдралын чанарт эергээр нөлөөлөх юм.
Ногоон барилга нь зөвхөн байгаль орчны төдийгүй нийгэм, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжиж, ногоон сэргэлтийн бодлогыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байдаг.
Түүнчлэн Ай Си Тауэр нь ногоон барилгын гэрчилгээ авснаар тус барилгад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид болон шинэ талбай худалдан авахаар сонирхож буй харилцагчид банкнуудын хөнгөлөлттэй ногоон зээлд хамрагдах боломжтой болжээ.