- 367 нэр төрлийн бүтээгдэхүүнд тарифын хөнгөлөлт үзүүлэх боломжтой.
- Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах квот, онцгой зохицуулалтыг багтаав.
- Экспортын зардлыг бууруулах, бичиг баримтын шаардлагыг хөнгөвчлөхөөр заажээ.

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийг Улсын Их Хурлын Байнгын хороод дэмжин, Засгийн газарт хэлэлцээр байгуулах эрхийг олгохоор шийдвэрлэлээ. Энэхүү хэлэлцээр нь уул уурхайд хэт төвлөрсөн Монголын эдийн засгийг төрөлжүүлж, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн экспортыг нэмэгдүүлэх зорилготой стратегийн алхам гэж үзэж байна.
Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрийн тайлбарласнаар, уул уурхайн бүтээгдэхүүн нийт экспортын 93 хувийг дангаараа бүрдүүлж байгаа нь Монгол Улсын эдийн засгийг савлагаанд өртөмтгий болгож байна. Тиймээс уг хэлэлцээрээр дамжуулан уул уурхайн бус салбарын бараа бүтээгдэхүүнийг Евразийн зах зээлд нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх нь чухал гэжээ.
Хэлэлцээрийн хүрээнд нийт 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцсон бөгөөд эдгээрийг шууд татварыг тэглэх, бууруулах, тодорхой хэмжээний квотод хөнгөлөлт үзүүлэх гэсэн дөрвөн ангиллаар хэрэгжүүлэх юм. Ялангуяа дотоодын үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс өндөг, улаанбуудай зэрэг эмзэг бүтээгдэхүүнд тусгай зохицуулалт оруулсан байна. Жишээ нь, өндөгний жил тутмын 90 сая ширхэг хүртэлх импортод 7.5 хувийн татвар ногдуулж, энэ хэмжээг давбал 15 хувийн өндөр татвар үргэлжлэн үйлчлэх бол улаанбуудайн квотыг 50 мянган тонноор тогтоожээ.
Түүнчлэн экспортын үйл явцад тулгардаг саад бэрхшээлийг бууруулах зорилгоор гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулж, 5000 еврогоос доош үнэтэй бараанд гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй байх заалт оруулсан нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ээлтэй нөхцөл бүрдүүлж байна.
Уг хэлэлцээр хэрэгжсэнээр мах, ноос, ноолуур, арьс шир зэрэг уламжлалт бүтээгдэхүүний экспортын хэмжээ 50-140 хувиар нэмэгдэх боломжтойг албаныхан тооцоолж байгаа аж. Евразийн холбооны орнууд зөвхөн 2023 онд эдгээр төрлийн бараанд 15 тэрбум ам.долларын импорт хийсэн нь Монголын үйлдвэрлэгчдэд томоохон зах зээл нээгдэх боломжтойг илтгэж буй юм.
Хэлэлцээрийн төслийг боловсруулах явцад төр, хувийн хэвшил, салбарын холбоодын төлөөлөл хамтран ажиллаж, үндэсний эрх ашгийг тэргүүнд тавьсан гэж дүгнэсэн байна. Ингэснээр экспортын бүтцэд өөрчлөлт оруулах, дотоодын үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлд илүү өрсөлдөх чадвартай болгох чухал алхам тавигдаж байгаа юм.
Улмаар УИХ-ын гишүүдийн олонхын саналаар уг хэлэлцээрийг дэмжиж, Засгийн газарт гарын үсэг зурах эрх олгохоор шийдвэрлэв. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Монголын гадаад худалдаанд бас нэгэн шинэ хуудас нээгдэх хүлээлттэй байна.