- 2025 оны эхний улиралд БНСУ-ын эдийн засаг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.1 хувиар агшиж, сүүлийн дөрвөн жилд анх удаа агшсан үзүүлэлттэй гарлаа.
- Мөн улирлын харьцуулалтаар ДНБ 0.2 хувиар буурсан нь өмнөх оны мөн улиралд гарсан 0.1 хувийн өсөлтөөс ухарсан үзүүлэлт боллоо.
- Төв банкны мэдээлснээр дотоодын эрэлт, экспортын идэвхжил буурсан нь эдийн засгийн уналтад нөлөөлсөн гол шалтгаануудын нэг болжээ.

2025 оны эхний улиралд БНСУ-ын эдийн засаг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.1 хувиар агшиж, сүүлийн дөрвөн жилд анх удаа агшсан үзүүлэлттэй гарлаа. Төв банкны мэдээлснээр энэ уналтад барилгын салбарын 12.4 хувийн огцом уналт голлон нөлөөлжээ. Уг үзүүлэлт нь эдийн засаг бага зэрэг өснө гэсэн төсөөлөлтэй нийцээгүй бөгөөд 2024 оны сүүлийн улиралд бүртгэгдсэн 1.2 хувийн өсөлтөөс эрс буурсан дүн болсон байна.
Мөн улирлын харьцуулалтаар ДНБ 0.2 хувиар буурсан нь өмнөх оны мөн улиралд гарсан 0.1 хувийн өсөлтөөс ухарсан үзүүлэлт боллоо. БНСУ-ын Төв банк дөрөвдүгээр сарын 17-нд хийсэн мэдэгдэлдээ 2025 оны эдийн засгийн өсөлт өмнөх 1.5 хувийн таамгаас доогуур байх магадлалтайг онцолж, бодлогын хүүгээ 2.75 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан.
Төв банкны мэдээлснээр дотоодын эрэлт, экспортын идэвхжил буурсан нь эдийн засгийн уналтад нөлөөлсөн гол шалтгаануудын нэг болжээ. Мөн улс төрийн тодорхойгүй байдал болон худалдааны таагүй нөхцөл нэмэлт дарамт болсон байна.
Энэ оны эхний улиралд улс төрд эмх замбараагүй байдал үүссэн нь ч эдийн засагт сөргөөр нөлөөлсөн хэмээв. Ерөнхийлөгч асан Юн Сок Ёль болон Ерөнхий сайд Хан Док Су нарыг огцруулах асуудлаар шүүх хурал үргэлжилж байсан бөгөөд Үндсэн хуулийн шүүх Ханыг буцаан албан тушаалд нь томилсон ч Ерөнхийлөгч Юнийг дөрөвдүгээр сарын 4-нд албан тушаалаас нь чөлөөлсөн. Шинэ Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 3-нд болох юм.
Түүнчлэн экспортод тулгуурладаг БНСУ-ын эдийн засаг АНУ-ын худалдааны шахалтад өртөөд буй. Ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын 9-нд зарим улсын импортод ногдуулах тарифаа түр хугацаанд 10 хувь болгон бууруулсан ч, БНСУ-ын хувьд ган, автомашины экспортод ногдуулах 25 хувийн тарифаа хэвээр үлдээжээ. “Hyundai”, “Kia” зэрэг автомашины брэнд АНУ-ын зах зээлд хамгийн их борлуулалттай брэндүүдийн тоонд багтдаг бол БНСУ нь АНУ-ын гангийн дөрөв дэх том нийлүүлэгч орон юм.
Ийнхүү хоёр улсын худалдааны зөрчлийн бууруулах зорилгоор Өмнөд Солонгосын төлөөлөгчид АНУ-д худалдааны хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж буй Хан Док Су энэхүү уулзалтаар харилцан ашигтай шийдэлд хүрнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. Харин БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хэлэлцээний агуулгыг одоогоор эцэслэгдээгүй, зохицуулалтын шатандаа явж байгааг мэдээлжээ.