- 2025 оны гуравдугаар сард Хятадын коксжих нүүрсний 51 хувийг Монгол Улс нийлүүлэв.
- Нийт импортын хэмжээ дөрөв дэх сардаа дараалан буурч, 8.4 сая тоннд хүрчээ.
- Гашуунсухайт-Ганцмод боомтоор энэ сарын 21-ний байдлаар 10.82 сая тонн нүүрс тээвэрлэв.

Хятад улс 2025 оны гуравдугаар сард нийт 8.4 сая тонн коксжих нүүрс импортолсноос 51 хувийг Монгол Улсаас нийлүүлжээ. Ингэснээр манай улс Хятадын коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгчийн байр сууриа хадгалж байна. Монголын араас ОХУ (32%), Канад (10%), АНУ (2%), Австрали (2%) жагсав. Эдгээр таван улс нийлээд Хятадын нийт импортын 98 хувийг бүрдүүлсэн байна.
Гэсэн ч коксжих нүүрсний импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс буурсан дүнтэй гарав. Импортын бууралтад голлон нөлөөлсөн хүчин зүйл нь Хятадын гангийн үйлдвэрлэлийн сул эрэлт бөгөөд энэ нь тус улсын нүүрсний салбарын ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлсөөр байна. Хятадын нүүрсний үнэ хоёр жил дараалан уналттай байгаа нь уурхайн компаниудын алдагдлыг нэмэгдүүлж, ухаалаг уул уурхай руу шилжих зорилгод хүндрэл учруулж байгааг салбарын мэргэжилтнүүд онцолжээ.
Үүнтэй зэрэгцэн, Хятадын Үндэсний нүүрсний холбооноос мэдээлснээр тус улсын хамгийн том 10 нүүрс олборлогч групп 2025 оны эхний улиралд 591.24 сая тонн түүхий нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 7.21 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Монгол нүүрс Хятадад голчлон Ганцмод боомтоор нэвтэрдэг бөгөөд энэ боомт нь БНХАУ-ын авто замаар нүүрс хил нэвтрэх хамгийн том цэг юм. 2025 оны дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар уг боомтоор нийт 11.34 сая тонн ачаа тээвэрлэгдсэнээс 10.82 сая тонн нь нүүрс байжээ. Энэ нь Монголын нүүрсний экспорт тогтвортой үргэлжилж, Хятадын эрэлтэд түлхүү чиглэж буйг илтгэж байна.
Экспортын урсгалыг тогтвортой хадгалах үүднээс төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны тавдугаар сарын 14-ний дотор эхлүүлж төмөр замын дэд бүтцийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны үеэр онцлон тэмдэглэсэн. Тэрбээр төмөр замын барилгын бүсэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, барилгын болон өдөр тутмын хэрэглээний бараа, материалыг улсын хилээр саадгүй нэвтрүүлэх зохицуулалт хийж, БНХАУ-ын талтай нягт уялдаа холбоо баримтлан ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгаад буй юм.