- Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлогоос үүдэлтэй эдийн засгийн тодорхойгүй байдал спортын салбарт шууд нөлөөлөх магадлалтай.
- Хямрал сурталчилгааны зардлыг танахад хүргэж, спортын шууд нэвтрүүлгүүд хамгийн сүүлд зардал хасагдах салбар байх хандлагатай.
- Медиа нэгдлийн явц зогсонги байдалд орж "Warner Bros. Discovery" болон "Paramount" зэрэг компаниудын нэгдэн нийлэх явц хойшлогдож байна.

Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлогоос шалтгаалсан эдийн засгийн тодорхойгүй байдал нь спортын салбарт өөрөөс нь илүү хор хөнөөл учруулж болзошгүйг шинжээчид анхааруулж байна. Эдийн засгийн уналтыг ихэвчлэн сурталчилгааны зардлын бууралт дагадаг. Харин спортын нэвтрүүлгүүд, ялангуяа шууд дамжуулалттай холбоотой контентүүд, хамгийн сүүлд зар сурталчилгааны зардал буурах салбаруудын нэг байсаар ирсэн.
WNBA-ийн комиссар Кэти Энгелберт энэ долоо хоногийн “On The Record” нэвтрүүлэгт оролцох үеэр тун удахгүй эхлэх улирлын тасалбарын борлуулалтад зах зээлийн савлагаа нөлөөлсөн эсэхийг асуухад: “Энэ улиралд лав биш. Манай цэнгэлдэхүүдийн ихэнх нь аль хэдийн зарагдсан” хэмээн тайлбарласан. Гэсэн ч хожуугаар хямрал гүнзгийрэх аваас нөхцөл байдлыг тооцсон төлөвлөгөө боловсруулах шаардлагатай болно гэдгийг тэр нэмж хэлэв.
Хувийн хөрөнгө оруулалтын “Arctos Partners” компани өнгөрсөн долоо хоногт үйлчлүүлэгчдэдээ хандан хийсэн мэдэгдэлдээ, спортын салбар нь урт хугацааны тогтмол орлоготой медиа эрх, ивээн тэтгэгчид болон тасалбарын борлуулалтад түшиглэдэг учраас харьцангуй тогтвортой бизнес модельтэй хэмээн онцолжээ.
Тарифын өсөлтөөс шалтгаалсан үнийн дарамттай тулгарсан автомашин, тоглоом үйлдвэрлэгч зэрэг компани зардлаа танахын тулд сурталчилгаагаа багасгаж болзошгүй ч хэд хэдэн том медиа компани ирэх сард болох салбарын “upfront” арга хэмжээний өмнө зар сурталчилгааны зардалд мэдэгдэхүйц бууралт хараахан гараагүйг мэдээлсэн байна.
Сурталчилгаа хамгийн сүүлд танагдах спортын салбар нь шууд дамжуулалттай, сурталчилгаа алгасах боломжгүй байдгаараа онцлог юм. Харин зохиомол контент үйлдвэрлэл илүү их хохирол амсах магадлалтай гэж лигүүдийн удирдлага, салбарын шинжээчид үзэж байна.
АНУ-ын хэрэглэгчдийн итгэл сүүлийн 12 жилийн доод түвшинд хүрээд байгаа энэ үед хэрэглэгчид холын аялал хийхийн оронд орон нутгийн спортын арга хэмжээнд оролцох магадлал нэмэгдэж, зарим спортын арга хэмжээ үүнээс ашиг хүртэх боломжтой гэж “United Airlines” мэдээлсэн байна.
Гэхдээ спортын ертөнцөд сөрөг нөлөө үзүүлж болох нэг чухал асуудал бол медиа нэгдлийн явц зогсонги байдалд орсон явдал юм. “Warner Bros. Discovery”, “Paramount Global”, Comcast зэрэг уламжлалт медиа компаниуд өмчлөлийн бүтцийг өөрчлөх оролдлого хийж байгаа ч зах зээлийн савлагаа, зохицуулалтын тодорхойгүй байдал саад болж байна.
“Warner Bros. Discovery”-ийн гүйцэтгэх захирал Дэвид Заслав өнгөрсөн жилийн “Sun Valley” чуулганд “Зохицуулалтыг сулруулах боломж хэрэгтэй байна. Ингэснээр компаниуд нэгдэх, илүү үр дүнтэй ажиллах боломжтой болно” хэмээн мэдэгдэж байсан. Тэрбээр Трампын дахин сонгогдсон нь эерэг өөрчлөлт авчирна гэж найдаж байсан ч одоогоор энэ бодит болсонгүй.
“Paramount Global” компанийн “Skydance Media”-тай хийх нэгдлийн хэлэлцээр Холбооны харилцаа холбооны хорооны зөвшөөрлийг хүлээсээр буй бөгөөд хоёр дахь удаа дахин 90 хоног сунгагдаж болзошгүй юм.
Харин Заслав хүлээхийг хүсэхгүй бол өөр хувилбарыг судалж, “Warner Bros. Discovery”-ийг хоёр тусдаа компанид хуваах хувилбарыг ч авч үзэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ. Эхний компанид Max стрийминг үйлчилгээ, кино студи, тоглоомын бизнес болон контентын сан орж, хоёр дахь компанид кабелийн сувгууд болон Европ дахь үнэгүй сувгууд буюу спорт, мэдээний контентууд багтах юм.
NBA өмнө нь “WBD” компанийн санхүүгийн чадамжид эргэлзэж байсан тул спортын эрхийг эзэмшигч энэхүү хуваагдсан шинэ бүтэц цаашид илүү жижиг хэмжээний нэгж болох эрсдэлтэй.
Заслав ийм алхам хийвэл “Comcast”-ийн “SpinCo” болон “RemainCo” бүтэцтэй хослуулах талаар таамаглал шууд хөвөрнө. Компанийг задлах нь зохицуулалтын байгууллагаас зөвшөөрөл шаардахгүй, Трампын захиргаанд нөлөөлөх шаардлагагүй блох юм. “Paramount” ирээдүйн чиг баримжаагаа тодорхой болгосны дараа компани дамнасан стриминг багц үүсгэх шинэ боломж нээгдэж болох юм.
“Warner Bros. Discovery” нь одоогоор дотоодын зарим төсвөө хязгаарлаж, бизнес аяллаа танаж, Каннын сурталчилгааны арга хэмжээнд оролцох ажилтнуудын тоог бууруулах зэрэг арга хэмжээ авчээ. Гэхдээ компанийн төлөөлөгч энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.