- Голдман сангийн байгаль орчны шагналыг Л.Батмөнх 81 насандаа хүртлээ.
- Тэрбээр Дорноговь аймгийн Хөвсгөл сумынхаа 500,000 га газрыг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авуулжээ.
- Уул уурхайн компанид цахилгаан эрчим хүчний хангамжийн инженерээр ажилладаг байхдаа тэрбээр нөхөн сэргээлт хийгдэхгүй байгаа олон тохиолдлын гэрч болж, үүнтэй тэмцэх шийдвэрийг гаргажээ.

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул Лувсандашийн Батмөнх Ногоон Нобел гэгддэг Голдман сангийн байгаль орчны шагналыг гардан авлаа. Шагнал гардуулах ёслол “Олон улсын эх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулж, АНУ-ын Сан Франциско хотноо болжээ. Уул уурхайн компанид цахилгаан эрчим хүчний хангамжийн инженерээр ажиллаж байхдаа нөхөн сэргээлт хийгдэхгүй байгаа олон тохиолдлын гэрч болж, үүнтэй тэмцэх шийдвэрийг гаргажээ.
2015 онд Дорноговь аймгийн захиргаа Хутаг уулын орчимд хайгуулын лиценз олгосон байна. Тэрбээр 2020 онд Хутаг уулын орчмыг бүхэлд нь хамгаалах саналыг Засгийн газарт хүргүүлжээ. Түүний тэмцлийн үр дүнд 2022 оны дөрөвдүгээр сард нутгийн удирдлагууд Хутаг уулын орчимд 26,700 га газрыг тусгай хамгаалалтад авч, бүх төрлийн олборлолтыг хоригложээ. Лувсандашийн Батмөнх нь тэтгэвэртээ гарснаас хойш нутаг усаа хамгаалах үйлсийг манлайлж, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 500,000 га газрыг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авуулжээ.