- Comcast 2036 он хүртэл Олимпын медиа эрхийг эзэмшихээр болсон бөгөөд Олимпийн стратегийн түнш болжээ.
- Энэхүү хэлцэл нь "Peacock" стрийминг платформоор дамжуулан спортын шууд нэвтрүүлгийг өргөжүүлэх зорилготой.
- 2024 оны Парисын Олимпоор 30 сая гаруй үзэгч татаж, NBC-ийн зар сурталчилгааны орлого 1.2 тэрбум ам.долларт хүрсэн.

“Comcast” болон Олон улсын олимпын хороо пүрэв гарагт хамтарсан мэдэгдэл гаргаж, Олимпын наадмын медиа эрхийг 2036 он хүртэл сунгах 3 тэрбум ам.долларын гэрээ байгуулснаа зарлалаа. Энэхүү хэлцлээр “Comcast” нь медиа эрх эзэмшигчээс стратегийн түншийн түвшинд хүрч буйг ОУОХ онцолсон юм. Талууд энэхүү гэрээний хүрээнд нэвтрүүлгийн дэд бүтэц, тэмцээн өрнөх орчны дотоод түгээлт, дижитал сурталчилгааны хүрээнд хамтран ажиллана гэж ОУОХ мэдээлэв.
“Comcast”-тай байгуулсан энэхүү гэрээ нь бидний олон жилийн турш үргэлжилсэн уламжлалт медиа хэлцлээс хальж, стратегийн түншлэлд шилжсэн шинэлэг алхам юм. Медиа орчин маш хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед дэлхийн тэргүүлэх медиа, технологийн компанитай хамтран ажилласнаар АНУ-ын үзэгчид Олимпын наадмыг урьд хожид үзэгдээгүй шинэ түвшинд хүлээн авах болно” хэмээн ОУОХ-ын ерөнхийлөгч Томас Бах мэдэгдэлдээ дурджээ.
“Сомcast”-ийн өмнөх гэрээ 2032 оны Австралийн Брисбэн хотын Олимпоор дуусах байсан бол шинэ хэлцэлд АНУ-ын Солт Лейк Сити хотноо болох 2034 оны Өвлийн Олимп, мөн хараахан тодроогүй хотод зохиогдох 2036 оны Зуны Олимпын медиа эрхийг багтааж байна.
“Бид технологи нь сүүлийн хэдэн арван жилд ажиглагдаагүй хурдтай, суурь өөрчлөлтүүдийг авчирч буй үед амьдарч байна. Comcast NBCUniversal болон Олон улсын олимпын хорооны энэхүү шинэлэг, урт хугацааны стратегийн түншлэл нь энэ өөрчлөлтийг зөвхөн хүлээн зөвшөөрөөд зогсохгүй, улам урагшлуулна гэдэгт итгэлтэй байна” гэж “Comcast”-ийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал Брайан Робертс онцоллоо.
Энэхүү хэлэлцээр нь “Comcast” болон түүний “NBCUniversal” салбарын хувьд “Peacock” стрийминг үйлчилгээг шууд спортын контентоор өргөжүүлэн хэрэглэгч татах стратегийн нэг хэсэг юм. NBC ирэх улирлаас эхлэн NBA-ийн тоглолтыг дамжуулахын тулд жил бүр ойролцоогоор 2.5 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаа.
2024 оны Парисын Олимпын үеэр “Peacock” платформоор үзүүлсэн олимпын шууд нэвтрүүлэг амжилттай болж, нийтдээ 30 сая гаруй хүн NBC-ийн телевиз болон стрийминг сувгуудаар олимпын контентыг үзсэн байна. Зар сурталчилгааны орлого түүхэн дээд түвшинд хүрч, 1.2 тэрбум ам.долларт хүрсэн гэж тус компани мэдээлжээ.
Тайлбар: "Comcast" нь NBCUniversal болон CNBC сувгуудын толгой компани юм.