bnr-0
Z үеийнхэн аялалдаа “одоо аваад дараа төл” үйлчилгээ ашиглах нь эрс өсчээ
04 сарын 24, 2025
ХУВААЛЦАХ
  • Аяллын зардлаа дараа төлдөг хүмүүсийн тоо 2024 онд 50 хувиар нэмэгджээ.
  • Төлбөрийн энэ арга залуу үеийнхний дунд хурдтай түгэж, Fliggy платформд Gen Z гол хэрэглэгч болж байна.
  • Гэвч төлбөрөө хоцроох, олон зээлийг давхардуулах эрсдэл нэмэгдэж буйг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Зочид буудал, онгоцны билет, амралтын багц гэх мэт зардлыг шуурхай баталгаажуулахад энэ арга залуу хэрэглэгчдийн дунд түгээмэл сонголт болжээ.

Сүүлийн жилүүдэд “одоо аваад дараа төл” буюу хүүгүй, хувааж төлөх үйлчилгээ аялал жуулчлалын салбарт хурдацтай түгэж байна. Зочид буудал, онгоцны билет, амралтын багц гэх мэт зардлыг шуурхай баталгаажуулахад энэ арга залуу хэрэглэгчдийн дунд түгээмэл сонголт болжээ.

2024 онд АНУ-д энэ үйлчилгээг санал болгодог “Klarna” компани аялалтай холбоотой захиалга нь өмнөх оныхоос 50 хувиар өссөн хэмээн мэдээлжээ. Мөн “Affirm” компани зөвхөн нэг улиралд 1 тэрбум ам.доллароос давсан аялал, тасалбарын борлуулалт хийсэн байна. “NerdWallet”-ийн тайланд дурдсанаар 2025 оны зуны аяллын улиралд америк аялагчдын 20 хувь нь энэ аргыг сонгохоор төлөвлөжээ.

Ази тивд ч ижил хандлага ажиглагдаж байгаа бөгөөд Хятадын “Fliggy” онлайн аяллын платформ 2023-2024 оны хооронд “одоо аваад дараа төл” үйлчилгээгээр хийгдсэн захиалгууд 20 гаруй хувиар нэмэгдсэн гэжээ. Хамгийн идэвхтэй хэрэглэгчид нь 1995-1999 онд төрсөн буюу Z үеийнхэн бөгөөд 2000 оноос хойш төрсөн залуус ч эрчимтэй нэмэгдэж буй нь энэ үйлчилгээ илүү залуу, дижитал хэрэглэгчдийг татаж байгааг харуулж байна.

Гэхдээ уг үйлчилгээ нь хариуцлагатай хэрэглээ шаардаж байгаа юм. Хэрэглэгчийн санхүүгийн хамгааллын товчооны 2022 оны судалгаагаар, ийм үйлчилгээ авсан хүмүүсийн 63 хувь нь хэд хэдэн зээлийн өртэй байжээ. Хэрэглэгчдийн дунд зээлийн хугацааг мартах, төлбөрөө хоцроох, зээлийн оноо унах, зээл давхардах зэрэг санхүүгийн эрсдэл гарч буйг шинжээчид онцолж байна.

Нөгөө талаас, амралтаа төлөвлөж амжаагүй ч явах шаардлагатай үед энэ үйлчилгээ заримд нь авралын гарц болж байгаа. Салбарын мэргэжилтнүүд “одоо аваад дараа төл” үйлчилгээг зөв, зохистой хэрэглэж чадвал төлбөрийн уян хатан арга зам болж чадна гэж үзэж байгаа ч санхүүгийн сахилга бат дутмаг хэрэглээ нь дарамт үүсгэх эрсдэлтэй тул хэрэглэгчдэд эртнээс төлөвлөж, урьдчилан мэдээлэлтэй хандахыг зөвлөж байна.   

mobile-logo