bnr-0
Эдийн засгийн өсөлт хүлээлтээс өндөр гарлаа
10 сарын 21, 2024
ХУВААЛЦАХ
  • Ирэх онд зудын хүндрэл арилах, Оюу толгойн үйлдвэрлэл эрчимжих, төсвийн төлөв сулрах зэрэг нөлөөгөөр эдийн засгийн өсөлт өндөр хадгалагдах төлөвтэй байна.
  • дэлхийн зах зээл дэх алт, зэсийн үнэ өндөр хэвээр хадгалагдахаар байгаа бол БНХАУ-ын төлөв болон нийлүүлэлтийн хүчин зүйлсээс шалтгаалж нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурах төлөвтэй байна.

Энэ оны эхний хагаст манай улсын эдийн засаг 5.6 хувиар, хоёрдугаар улиралд 3.9 хувиар өсөж хүлээлтээс өндөр гарлаа. Үүнд уул уурхай, тээврийн салбарын өсөлт үргэлжлэн нэмэгдэж, аялал жуулчлал, үйлчилгээний салбарын өсөлт эрчимжсэн, бүтээгдэхүүний цэвэр татварын орлого өндөр байсан зэрэг нь голлон нөлөөллөө.

Өрхийн болон төрийн байгууллагын хэрэглээ нэмэгдэн дотоод эрэлт тэлэх, нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх төсөөллөөс сайжрах, төсвийн төлөв сулрах зэрэг нөлөөг харгалзан үзэж эдийн засгийн өсөлтийн төсөөллийг энэ онд 5.5 хувьд хүргэж нэмэгдүүллээ.

Ирэх онд зудын хүндрэл арилах, Оюу толгойн үйлдвэрлэл эрчимжих, төсвийн төлөв сулрах зэрэг нөлөөгөөр эдийн засгийн өсөлт өндөр хадгалагдах төлөвтэй байна.

Гадаад орчны төлөв төдийлөн өөрчлөлтгүй байна

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв өмнөх төсөөллийн орчимд хадгалагдаж, 2024 онд дунджаар 3.1 хувиар өсөх тооцоололтой байна. Геополитикийн нөхцөл байдалтай холбоотой суурь эрсдэлүүд хэвээр хадгалагдаж, тодорхой бус байдал үргэлжилсээр байна. БНХАУ-ын дотоод эрэлт төсөөлөлд  хүрч сэргээгүй, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилсэн нь тус улсын эдийн засгийн өсөлтийг саарах хүлээлтийг үүсгээд байна. Хэдийгээр бодлогын арга хэмжээнүүд авсан ч энэ том зах зээл төдийлөн мэдрэг хүлээн авч, хүлээсэн үр дүнг үзүүлсэнгүй.  АНУ-ын хувьд эдийн засгийн өсөлтийн төлөв өмнөх төсөөллийн орчимд хэвээр хадгалагдсан ба ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн цаашдын төлөвт чухал нөлөө үзүүлэхээр байна. Дээрх эрсдэл, тодорхой бус байдал болон улс орнуудын сэргээгдэх эрчим хүчний төсөл, ногоон шилжилттэй холбоотойгоор дэлхийн зах зээл дэх алт, зэсийн үнэ өндөр хэвээр хадгалагдахаар байгаа бол БНХАУ-ын төлөв болон нийлүүлэлтийн хүчин зүйлсээс шалтгаалж нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурах төлөвтэй байна.  

mobile-logo