Төмөр, кальци зэрэг эрдэс бодис нь цус болон ясны эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Гэвч дэлхийн хүн амын талаас илүү хувь нь төмөр, кальци зэрэг хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой тэжээллэг эрдэс бодисыг хангалттай хэрэглэж чадахгүй байгаа нь шинэ судалгаагаар тогтоогджээ.
Энэ оны наймдугаар сард "Lancet Global Health" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар 5 тэрбум гаруй хүн иод, Е витамин, кальци хангалттай хэмжээгээр хэрэглэдэггүй ба 4 тэрбум гаруй хүн төмөр, рибофлавин буюу B2 витамин, фолийн хүчил болон витамин С-ийн дутагдалтай гарсан байна.
185 улс орон буюу дэлхийн хүн амын 99.3 хувь нь 15 микроэлементийн хангалтгүй хэрэглээтэй байгааг тус судалгаагаар тогтоожээ.
Дэлхийн хэмжээнд хүмүүст үргэлж дутагдаж байдаг долоон эрдэс бодис ба түүний ач холбогдол болон тэдгээрээр баялаг зарим хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг танилцуулж байна.
Кальци
- Ясны бат бөх байдал болон эрүүл мэндэд тустай юм.
- Сүүн бүтээгдэхүүн, хар навчит ногоо, дүпү, хулд загас, жүрж эсвэл усан үзмийн шүүс зэрэгт агуулагддаг байна.
Фолийн хүчил
- Цусны улаан эсийн төлжилт, эсийн өсөлт болон үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой бөгөөд жирэмсэн үед хэрэглэх шаардлагатай юм.
- Хүнсний ногоо, шош, вандуй, будаа, үр тарианд агуулагддаг байна.
Иод
- Бамбай булчирхайн үйл ажиллагаа, яс болон тархины хөгжилд тустай юм.
- Загас, далайн замаг, сам хорхой, сүүн бүтээгдэхүүн, өндөг, иоджуулсан давсанд агуулагддаг байна.
Төмөр
- Бие махбодын хүчилтөрөгчийн хангамж болон өсөлт, хөгжилд чухал ач холбогдолтой юм.
- Хясаа, нугас, үхрийн мах, сардин загас, хавч, үр тариа, бууцай, шош, хар навчит ногоо, төмс зэрэгт агуулагддаг байна.
Магни
- Булчин, мэдрэлийн үйл ажиллагаа, цусан дахь сахар, цусны даралт, уураг, ясны эрүүл мэндэд чухал үүрэгтэй юм.
- Буурцагт ургамал, самар, үр тариа, навчит ногоонд агуулагддаг байна.
Ниацин буюу B3 витамин
- Мэдрэл болон хоол боловсруулах системд тустай юм.
- Үхрийн мах, тахиа, цацагт хяруул, бор будаа, хулууны үр, хулд загас, үр тарианд агуулагддаг байна.
Рибофлавин буюу B2 витамин
- Бодисын солилцоо, дархлааны систем, арьс, үсний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой юм.
- Өндөг, сүүн бүтээгдэхүүн, мах, үр тариа, ногоо зэрэгт агуулагддаг байна.