- 2025 онд эдийн засаг 7.4 хувиар өсөх урьдчилсан тооцоо гарчээ.
- Уул уурхайн өсөлт 18.9 хувьд хүрэх ч алт, газрын тосны олборлолт хүлээлтээс доогуур байх төлөвтэй байна.
- Дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй өсөлтийн хөшүүрэг болно.

Монгол Улсын эдийн засаг 2025 онд 7.4 хувиар өсөх төсөөлөлтэй байна. Харин 2026 онд өсөлт 6.0 хувь, 2027 онд 5.9 хувь болж бага зэрэг саарах төлөвтэй ч энэ оны өсөлт тогтвортой хадгалагдана гэж Монголбанкны тайланд үзжээ.
Уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтөд гол хөшүүрэг болж байгаа ч салбарын дотоод бүтцэд тодорхой сорилт байна. Тухайлбал алт, газрын тосны олборлолт хүлээлтээс доогуур байгаа бол Оюутолгойн шинэчилсэн төлөвлөгөөнд зэс, алтны агуулга буурсан нь өсөлтөд саад болж болзошгүй. Гэсэн хэдий ч нүүрсний олборлолт тогтвортой хэвээр үргэлжилж, цэвэр зэсийн хэмжээ нэмэгдсэнээр энэ салбар 18.9 хувиар тэлэх боломжтой гэж тайланд дүгнэжээ.
Уул уурхайн бус салбарууд харьцангуй эерэг төлөвтэй байна. Цаг агаарын тааламжтай нөхцөл, малын хорогдол багассан нь хөдөө аж ахуйн салбарын сэргэлтэд эергээр нөлөөлж байна. Үүний зэрэгцээ Бөөрөлжүүт, Багахангайн цахилгаан станцууд, Туулын хурдны зам, нийслэлийн метро зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдийн хэрэгжилт барилгын салбарын идэвхжилийг өдөөж дагалдах тээвэр, худалдааны үйлчилгээний өсөлтийг дэмжих хүлээлттэй байна.
Мөн дунд хугацаанд бүтээн байгуулалтын үргэлжлэл, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалт өсөх нь эдийн засгийн суурийг бэхжүүлж, тогтвортой өсөлт хадгалахад чухал үүрэг гүйцэтгэх хүлээлттэй буй ажээ. Ирэх онд уул уурхайн салбарын өсөлт 5-6 хувьтай байх ба нүүрс, төмрийн хүдэр, алтны олборлолт 2025 оны түвшинд хадгалагдах төлөвтэй. Хэдий алтны агууламж буурч болзошгүй ч зэсийн хэмжээ нэмэгдэх хүлээлттэй байна.
Хөдөө аж ахуйн салбарын сэргэлт мөн эдийн засгийн тогтвортой байдалд түлхэц өгч байна. Сүүлийн хоёр жилд зудын хүндрэлээс гарсан энэ салбар энэ онд бодит өсөлт үзүүлэх төлөвтэй. Барилгын салбар эрчимжихийн хэрээр түүнтэй холбоотой бусад салбарууд ч сэргэж байна.
Харин боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хувьд мах, гурил, нэхмэл зэрэг чиглэлүүдийн гүйцэтгэл сул байгаа нь энэ салбарын өсөлтөд саармаг нөлөө үзүүлж байна. Гэвч 2025 онд Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний салбарт шинэ эх үүсвэр бий болж, үйлдвэрлэлийн тэлэлтийг дэмжих хүлээлттэй байна.
Эдгээр олон талт хүчин зүйлсийг харгалзан үзвэл Монгол Улсын эдийн засаг ойрын жилүүдэд бодит бөгөөд харьцангуй тогтвортой өсөлттэй байх үндэс бүрдэхээр байна.