- “Сөрөг жагсаалт”-д багтсан хориглосон салбаруудыг 117-оос 106 болгож цөөлөв.
- Телевизийн үйлдвэрлэл, эмнэлгийн мэдээллийн үйлчилгээ зэрэг салбарыг гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй болгожээ.
- Эдийн засгийн өсөлт саарсан энэ үед гадаадын хөрөнгө татах зорилгоор энэхүү шийдвэрийг гаргав.

Хятад улс 2025 оны “сөрөг жагсаалт”-ын шинэчилсэн хувилбарыг нийтэлж, гадаадын хөрөнгө оруулалтад тавигдах хязгаарлалтыг эрс багасгалаа. Энэ удаагийн өөрчлөлтөөр гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг хориглодог эсвэл хязгаарладаг салбаруудын тоо 117-оос 106 болж буурсан нь анхаарал татаж байна.
“Сөрөг жагсаалт” нь анх 2018 онд гарсан бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтыг зөвшөөрөхгүй салбаруудыг зааж өгдөг баримт бичиг юм. Энэ жилийн шинэчилсэн жагсаалтаар Хятадын эрх баригчид гадаадын хөрөнгө татах сонирхлоо тод харуулж байна. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос энэхүү алхам нь “зах зээлийн идэвхийг сэргээж, хөрөнгө оруулалтын босгыг бууруулах зорилготой” гэж мэдэгджээ.
Шинэ жагсаалтанд дурдсанаар телевизийн үйлдвэрлэл, харилцаа холбооны үйлчилгээ, эмнэлгийн байгууллагын цацраг идэвхт эмийн хэрэглээ, ойн үрийн импорт зэрэг өмнө нь хаалттай байсан хэд хэдэн салбарыг хэсэгчлэн либералчилж, гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй болгосон байна. Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн талаарх онлайн мэдээллийн үйлчилгээний салбар ч хөрөнгө оруулалт хүлээн авах боломжтой болжээ.
Орон нутгийн түвшинд ч гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд тээвэр, логистик, ачаа тээврийн зуучлал, автомашин түрээс зэрэг салбарт илүү нээлттэй байхыг бүс нутгийн засаг захиргаад уриалсан байна.
Гэхдээ зарим салбар, тухайлбал дрон болон шинэ төрлийн тамхи зэрэг нь үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор “сөрөг жагсаалт”-д хэвээр үлджээ. Хятадын талаас эдгээр салбарын талаар дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй боловч дотоод зах зээлээ хамгаалах үүднээс үлдээсэн гэдгийг тэмдэглэсэн байна.
Энэхүү шийдвэр нь Хятадын эдийн засаг дотоодын хэрэглээ сул, үл хөдлөх хөрөнгийн салбар өрийн дарамтад орсон үед хийгдэж буй томоохон хариу үйлдэл юм. Түүнчлэн, АНУ-тай үүсээд буй худалдааны маргаан, тарифын өсөлт Хятадын эдийн засагт тодорхой дарамт үүсгэж байгаа тул энэхүү либералчлал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг дахин татах зорилготой алхам болоод байна.
Хятадын эрх баригчид 2024 оны хоёрдугаар сард сөрөг жагсаалтыг шинэчилж, хөрөнгө оруулалтын орчныг нээлттэй болгох амлалтаа илэрхийлж байсан бол энэ удаагийн өөрчлөлтөөр уг амлалтаа бодит ажил хэрэг болголоо.