- Хятад улс “Boeing” компанийн онгоцнуудыг АНУ-руу буцааж эхэлжээ.
- 737 Max загварын зарим онгоцыг өөр улс орны захиалагчдад шилжүүлэхээр төлөвлөж байна.
- Дональд Трамп Хятадтай харьцах худалдааны бодлогоо зөөлрүүлж болох талаар анх удаа мэдэгдэв.

“Boeing” компанийн гүйцэтгэх захирал Келли Ортберг мягмар гарагт CNBC сувгийн “Squawk on the Street” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хятад улс тус компанийн онгоцыг хүлээн авахаа зогсоосон тухай мэдэгдлээ. Энэ нь АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны дайн хурцадмал хэвээр байгаагийн тод жишээ болж буй.
“Тэд онгоцнуудыг маань хүлээн авахаа больсон. Үүний шалтгаан нь тарифтай холбоотой” хэмээн Ортберг онцолсон байна. Хятад руу газардах ёстой байсан 737 Max загварын хэд хэдэн онгоцыг АНУ руу буцаан нисгэж, бусад агаарын тээвэрлэгчдэд шилжүүлэн өгөх боломжийг судалж эхэлжээ. Түүнчлэн энэ оны туршид Хятадын хэрэглээнд зориулж үйлдвэрлэхээр төлөвлөж байсан зарим онгоцыг ч өөр орнуудад нийлүүлэхээр судалж байгаа аж.
“Max загварын онгоц авах сонирхолтой захиалагч олон байгаа. Бид хэт удаан хүлээхгүй. Компанийн маань өсөлт энэ асуудлаас болж саарч болохгүй” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.
Энэхүү мэдэгдлээ “Boeing” компани 2025 оны эхний улирлын санхүүгийн тайлангаа танилцуулсныхаа дараахан хийжээ. Тайланд дурдсанаар компанийн алдагдал шинжээчдийн таамгаас бага гарч, онгоцны нийлүүлэлт огцом нэмэгдсэн нь мөнгөн урсгалд эерэг нөлөө үзүүлсэн байна.
Энэ бүхний өмнөхөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадтай хийх худалдааны хэлэлцээнд зөөлөн хандлага баримтлах боломжтойгоо илэрхийлжээ. Мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ Трамп “Хятадын импортод ногдуулсан 145 хувийн тариф маш өндөр байна. Үүнийг ийм өндрөөр хадгалахгүй. Бууруулна. Гэхдээ бүр тэг болохгүй” хэмээн онцолсон байна.
Тарифын бодлогын энэхүү өөрчлөлт нь “Boeing”-ийн Хятадын зах зээлд хийж буй нийлүүлэлт, стратегид шууд нөлөөлж байгаа бөгөөд хоёр талын худалдааны нөхцөл байдал агаарын тээврийн салбарт үр дагавар авчирсаар байна.