bnr-0
Төлбөрийн тэнцэл эхний хагас жилд 57 сая ам.долларын алдагдалтай гарлаа
10 сарын 21, 2024
ХУВААЛЦАХ
  • Дотоод эрэлт тэлж, хэрэглээ, хөрөнгө оруулалтын импорт эрчимжин урсгал данс тайлант улиралд 332.5 сая ам.долларын алдагдалтай гарав.
  • Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт алгуур саарч байна.
  • Худалдааны түнш орнуудын инфляц, валютын ханш, төсвийн төлөв болон томоохон дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудын санхүүжилт зэрэг хүчин зүйлс нь манай инфляцын төлөвийг нэмэгдүүлэх эрсдэл өндөр байна.

Төлбөрийн тэнцэл 2024 оны хоёрдугаар улиралд 461 сая ам.доллар, эхний хагас жилийн байдлаар 57 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Дэлхийн зах зээл дээрх алт, зэсийн үнэ өндөр байж, нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдсэн нь экспортын орлогыг тэтгэж байгаа ч дотоод эрэлт тэлж, хэрэглээ, хөрөнгө оруулалтын импорт эрчимжин урсгал данс тайлант улиралд 332.5 сая ам.долларын алдагдалтай гарав. Санхүүгийн дансны хувьд 2024 оны хоёрдугаар улиралд 197 сая ам.долларын алдагдалтай гарлаа. 

Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон хувийн секторын гадаад зээлийн ашиглалт санхүүгийн дансны орох урсгалыг голлон бүрдүүлсэн бол нөгөө талаас дотоодын аж ахуйн нэгжүүдийн гадаад дансанд байршуулсан орлого хүлээлтээс өндөр байсан нь санхүүгийн дансны тэнцэлд сөргөөр нөлөөлөв. Түүнчлэн Монголбанк БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлцлийн үндсэн төлбөрөөс 4.5 тэрбум юань буюу нийт төлбөрийн 37.5 хувийг төлсөн нь төлбөрийн тэнцлийн алдагдалд гол нөлөө үзүүллээ.

Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт алгуур саарч байна.

2024 оны хоёрдугаар улиралд 31.9 хувьд хүрч нэмэгдээд байсан мөнгөний нийлүүлэлтийн өсөлт долдугаар сарын байдлаар 30.4 хувьд хүрч буурахад гадаад валютын цэвэр орох урсгал саарч, банкны систем дэх гадаад цэвэр актив буурсан нь нөлөөлөв. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг актив талаас зээлийн өсөлт болон гадаад цэвэр актив голлон бүрдүүлж байгаа бол эх үүсвэр талаас төгрөгийн эх үүсвэр дийлэнх хувийг эзэлсэн хэвээр байна. Банкны системийн зээлийн жилийн өсөлт 2024 оны долоодугаар сард 32.1 хувьд хүрч үргэлжлэн эрчимжихэд ипотек, бизнесийн болон цалингийн зээлийн өсөлт гол нөлөөг үзүүллээ. Түүнчлэн зээлийн чанар сайжирч, чанаргүй зээл өмнөх оны мөн үеэс 11.7 хувиар буураад байна. Энэ оны инфляцын төсөөлөл өмнөхөөс буурсан хэдий ч эдийн засгийн идэвхжил нэмэгдэж төсвийн төлөв сулрах хүлээлттэй байгаа нь ирэх оны инфляцын төсөөллийг нэмэгдүүллээ.

Инфляц нэмэгдэн ирэх оны дунд үеэс Төв банкны зорилтот интервалын дээд хязгаарын орчимд хүрч хэлбэлзэх бөгөөд дунд хугацаанд зорилтын голч руу алгуур буурах хүлээлт хэвээр байна. Гэхдээ худалдааны түнш орнуудын инфляц, валютын ханш, төсвийн төлөв болон томоохон дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудын санхүүжилт зэрэг хүчин зүйлс нь инфляцын төлөвийг нэмэгдүүлэх эрсдэл өндөр байна. Цаашид эдийн засгийн  идэвхжил, инфляцын өрнөл болон гадаад эдийн засгийн орчны өөрчлөлт зэргийг харгалзан үзэж мөнгөний бодлогын шаардлагатай алхмыг тухай бүрт авч хэрэгжүүлэх аж.  

mobile-logo