- АНУ, Хятадын хооронд “том хэлэлцээр” хийх найдвар төрөв.
- ”Google” зарим алсын ажилтандаа оффисоос ажиллах шаардлага тавив.
- 12 муж Трампын шинэ тарифыг эсэргүүцэн шүүхэд ханджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан БНХАУ-ын эсрэг өндөр тарифын бодлого түр зуур зөөлрөх дохио өгч, хоёр улсын худалдааны маргаан шинэ шат руу шилжиж магадгүй нөхцөл үүсээд байна. Сангийн сайд Скотт Бессент Вашингтонд болсон Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн хурал дээр “том хэлэлцээ хийх боломж байгаа” хэмээн мэдэгдсэн нь зах зээлд эерэг хүлээлт үүсгэлээ. Түүний хэлснээр хэрвээ Хятад хоёр талын худалдааг тэнцвэржүүлэх хүсэлтэй бол Вашингтон хамтран ажиллахад бэлэн байгаа аж.
Тус мэдэгдэл нь Трампын өмнөх өдөр хэлсэн БНХАУ-ын бараанд ногдуулсан 145 хувийн тарифын талаархи үгтэй уялджээ. Тэрбээр “Тариф маш өндөр байгаа ч ийм байхаа болино. Харин бүр тэг болохгүй” хэмээн байр сууриа зөөлрүүлсэн юм. Гэсэн ч Хятад улс албан ёсны хэлэлцээнд орохыг зөвшөөрөөгүй хэвээр байна. Гадаад хэргийн яамны төлөөлөгч Гуо Жиакун мэдэгдэхдээ “Бидэнтэй ярилцахыг хүсвэл манай хаалга үргэлж нээлттэй. Хэрэв тулалдахыг хүсвэл бид бэлэн” гэсэн нь хоёр талын байр суурь зөрүүтэй хэвээр байгааг харуулж байна.
Трампын илүү уян хатан хандлагын дараа АНУ-ын хөрөнгийн зах зээл эерэг хөдөлгөөнтэй хаагдлаа. Dow Jones индекс 1.07 хувь, S&P 500 индекс 1.67 хувь, технологийн Nasdaq Composite 2.5 хувиар өссөн бол Европын Stoxx 600 индекс мөн 1.78 хувийн өсөлт үзүүлжээ. Гэхдээ шинжээчид энэ өсөлтийг зөвхөн үг төдий дээр суурилсан, богино хугацааны хүлээлт байж болзошгүй хэмээн анхааруулж байна.
Түүнчлэн АНУ-ын дотоодод Ерөнхийлөгч Трампыг эсэргүүцсэн хууль эрх зүйн ажиллагаа идэвхжиж байна. 12 мужийн хуульчид шинэ тарифыг Үндсэн хууль зөрчсөн, хууль ёсны үндэслэлгүй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нью-Йоркийн Ерөнхий прокурор Летиша Жэймс мэдэгдэхдээ “Татвар нэмэх эрх Ерөнхийлөгчид байхгүй, харин яг үүнийг л Трамп хийгээд байна” гэж шүүмжилжээ.
Нөгөөтэйгүүр технологийн аварга Google компанид ажиллаж буй алсын горимтой ажилтнууд оффис руу буцах шаардлагатай тулгарч эхэллээ. Зарим ажилтанд хэрвээ компанийн байр суурийг хүлээн зөвшөөрөхгүй бол ажлын байр нь эрсдэлд орж болзошгүй нөхцөл байдал үүсч буй талаар мэдээлжээ. Энэ нь Google зардлаа хэмнэх, бүтээмжийг сайжруулах шинэ бодлогын нэг хэсэг юм.
Мөн технологийн салбарын хувьд IBM компанийн 2025 оны эхний улирлын тайлан зах зээлийн хүлээлтээс давсан дүнтэй гарлаа. Орлого 14.5 тэрбум ам.долларт хүрч 0.6 хувиар өссөн бол цэвэр ашиг 1.06 тэрбум ам.долларт хүрсэн байна. Компанийн энэ оны хүлээлт 13.5 тэрбум ам.долларын чөлөөт мөнгөн урсгалтай, 5 хувийн тогтмол ханшийн өсөлтөөр хадгалагдаж байгаа ажээ.
Тиймээс худалдааны зөөлрөл эдийн засгийн тодорхойгүй байдлыг хэсэг зууртаа намжаасан ч бодит хэлэлцээ, тогтвортой үр дүн гарахгүй бол зах зээл дахин савлаж болзошгүйг шинжээчид анхааруулж байна.