bnr-0
Шинжээчдийн хүлээлтээс үүдэн Ази, Номхон далайн зах зээл тогтвортой нээгдлээ
05 сарын 06, 2025
ХУВААЛЦАХ
  • Хөрөнгө оруулагчид АНУ болон Ази, Номхон далайн бүсийн орнуудын хооронд өрнөж буй худалдааны хэлэлцээ, мөн ам.долларын ханш суларснаар Азийн валютуудын ханш хэрхэн өөрчлөгдөж байгааг анхааралтай ажиглаж байна.
  • Энэтхэг улс ган, автомашины сэлбэг, эм зэрэг бүтээгдэхүүний импортод татвар тэглэх саналыг харилцан адил зарчмаар гаргажээ.
  • Bank of America газрын тосны салбарын үнэлгээг нэмэгдүүлж, зах зээлийн дунджаас давсан гүйцэтгэлтэй гэж дүгнэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Сангийн сайд Скотт Бессент нар энэ долоо хоногт зарим худалдааны гэрээнүүд байгуулагдаж магадгүйг онцолжээ.

Австралийн хөрөнгийн зах зээл мягмар гарагт тогтвортой нээгдлээ. Хөрөнгө оруулагчид АНУ болон Ази, Номхон далайн бүсийн орнуудын хооронд өрнөж буй худалдааны хэлэлцээ, мөн ам.долларын ханш суларснаар Азийн валютуудын ханш хэрхэн өөрчлөгдөж байгааг анхааралтай ажиглаж байна.

Энэтхэг улс ган, автомашины сэлбэг, эм зэрэг бүтээгдэхүүний импортод татвар тэглэх саналыг харилцан адил зарчмаар гаргасан бол Малайзын зүгээс АНУ-тай цаашдын хэлэлцээр хийх тохиролцоонд хүрсэн бөгөөд тариф буурах магадлалтай талаар мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Сангийн сайд Скотт Бессент нар энэ долоо хоногт зарим худалдааны гэрээнүүд байгуулагдаж магадгүйг онцолжээ.

Хятадын хөрөнгийн зах зээл Хөдөлмөрийн баярын амралтаас хойш эргэн нээгдэж байгаа бол Япон, Өмнөд Солонгосын зах зээл одоогоор амралтын улмаас хаалттай байна. Хятадын үйлчилгээний салбарын Caixin индекс өнөөдөр нийтлэгдэх хүлээлттэй байгаа аж.

АНУ-д Холбооны нөөцийн банкны хоёр өдөр үргэлжлэх хурал эхэлж байгаа бөгөөд бодлогын хүүг өөрчлөх эсэх нь хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна. Шинжээчдийн үзэж буйгаар хүүг бууруулах магадлал маш бага буюу 2.7 хувьтай байна.

Даваа гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээл бага зэрэг унаж, S&P 500 индекс ес хоног дараалан үргэлжилсэн өсөлтөө зогсоолоо. Dow Jones индекс 0.24 хувиар, Nasdaq 0.74 хувиар тус тус буурсан бол S&P 500 индекс 0.64 хувиар уналаа.

Bank of America газрын тосны салбарын үнэлгээг нэмэгдүүлж, зах зээлийн дунджаас давсан гүйцэтгэлтэй гэж дүгнэжээ. Газрын тосны үнэ энэ онд 20 орчим хувиар буурсан ч салбарын компаниуд тогтмол өндөр ногдол ашиг тарааж, чөлөөт мөнгөн урсгалын үзүүлэлт 6 хувьтай байгаа нь бусад салбаруудтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн газрын тосны үнийн савлагаанд мэдрэг байдал 2017 оноос хойш гуравны нэгээр буурсан талаар банк онцолжээ.   

mobile-logo