bnr-0
Шинэ хот төлөвлөлтөд цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг хуульчилна
05 сарын 06, 2025
ХУВААЛЦАХ
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах төслийг УИХ-д өргөн барив.
  • 250 өрх тутамд нэг цэцэрлэг, 1000 өрх тутамд төрийн сургууль төлөвлөхийг хуульчлахаар тусгав.
  • Хот, тосгоны төлөвлөлтөд ИТХ хяналт тавих эрхийг нарийвчлан зохицуулна.
Хуулийн төслийн хамгийн онцлох өөрчлөлт нь шинэ суурьшлын бүсүүдийг төлөвлөхдөө сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нарийвчлан тооцох шаардлагыг хуульчилж байгаа явдал аж.

Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьжээ. Энэхүү төсөл нь Монгол Улсын “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хот, хөдөөгийн хөгжлийн зохистой харьцааг хангах, иргэдэд эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн зохицуулалтыг хуульчлах зорилготой гэж хууль санаачлагчид үзэж байна.

Хуулийн төслийн хамгийн онцлох өөрчлөлт нь шинэ суурьшлын бүсүүдийг төлөвлөхдөө сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нарийвчлан тооцох шаардлагыг хуульчилж байгаа явдал аж. Тодруулбал, 250 өрх тутамд нэг цэцэрлэг, 1000 өрх тутамд нэг төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль байх зарчмыг хуульд тусгахаар төлөвлөжээ. Энэ нь хот байгуулалтын үе шатанд боловсролын хүртээмжийг хангах нь суурь үзүүлэлт болж, хэт төвлөрөл, тэгш бус байршлыг бууруулахад чиглэж байна.

Хуулийн төсөлд мөн хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулахдаа хуульд заасан тодорхой шалгуурыг дагаж мөрдөхийг заасан бөгөөд энэ хүрээнд тухайн орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь төлөвлөлтийн баримт бичгийн хуульд нийцсэн эсэхэд хяналт тавих болон батлах бүрэн эрхтэй болохоор зохицуулалтууд оржээ. Ийнхүү эрх, үүргийн хуваарилалтыг тодорхой болгох нь орон нутгийн хөгжлийг илүү уялдаа холбоотой бөгөөд иргэдийн хэрэгцээнд нийцсэн байдлаар төлөвлөх үндэс суурь болно гэж хууль санаачлагч тайлбарлалаа.

Хуулийн төслийн үзэл баримтлалаас харахад зөвхөн барилга байшин барих төдий бус, нийгмийн үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн уялдаа, байгаль орчны аюулгүй байдлыг цогцоор нь тооцох, хяналт тавих мэргэжлийн байгууллагын үүрэг хариуцлагыг давхар тодорхой болгох чиг хандлагыг тусгасан байна. Ийнхүү төлөвлөлтийн шатанд боловсрол, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний тэгш хүртээмжийг хуулийн түвшинд тодорхой зааж өгснөөр ирээдүйн хотууд зөвхөн өргөжих төдийгүй, чанартай орчин бүрдүүлэх зорилтонд нийцэх юм.

Уг хуулийн төсөл батлагдвал хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч бүх талуудын үүрэг, хариуцлага тодорхой болж, бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал түлхэц болохыг хууль санаачлагч Ж.Алдаржавхлан онцолж байна.  

mobile-logo