- Баруун болон төвийн зарим нутгаар бороо, нойтон цас орох бол бусад нутгаар тогтуун байна.
- Алтайн уулархаг бүс, Арц Богдын өвөр хоолойгоор салхи ширүүсч, шороон шуурга босох магадлалтай.
- Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +27 градус хүртэл хална.

2025 оны тавдугаар сарын 6-ны өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орох төлөвтэй байна. Харин бусад нутгаар хур тунадас орохгүй тогтуун өдөр болно.
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Түр зуурын бороотой, салхи баруунаас секундэд 6-11 метртэй, +14…+16 градусын дулаан өдөр болно.
Салхи нийт нутгаар баруун зүгээс секундэд 6-11 метртэй байх бол Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолой орчмоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Үүнтэй холбоотойгоор шороон шуурга болох эрсдэлтэй тул тус бүсийн малчид, иргэд, тээвэрчдийг анхаарал болгоомжтой байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна.
Температурын хувьд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +4…+9 градусын дулаан, Монгол-Алтайн нуруу, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлжийн голын хөндийгөөр +9…+14 градусын дулаан хүлээгдэж байна. Харин Алтайн өвөр говь, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр хамгийн дулаан буюу +22…+27 градус, бусад нутгаар ерөнхийдөө +14…+19 градус дулаан байх төлөвтэй.
Цаг агаар хуурайшилт ихтэй, салхи шуургатай үед гал түймрийн эрсдэл нэмэгдэх тул иргэд, аж ахуйн нэгжүүд онцгой анхаарал, болгоомжтой байхыг цаг уурын мэргэжилтнүүд анхааруулж байна.