- Нүүрс экспортолдог аж ахуйн нэгжүүд биржээр арилжаа хийвэл, биржийн үнээс АМНАТ тооцуулж байна.
- “Эрдэнэс Монгол” нэгдэл энэ онд гадаад валютын албан нөөцийн 77 хувь буюу $3.6 тэрбумыг Монголбанканд төвлөрүүлжээ.
- 2009 онд АНУ-ын геологичдын гаргасан тооцооллоор Монгол Улсад дэлхийн нийт газрын ховор элементийн 16 хувь байна.

Дэлхийн улс орнуудаас харьцангуй хожуу манай улс уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр арилжиж эхэллээ. Лондоны металлын бирж гэхэд 1877 оноос үйл ажиллагаагаа эхэлж, зэс, хөнгөн цагаан зэргийг арилжиж эхэлсэн байдаг. Эрдэнэт үйлдвэр 1993 онд Лондонд төлөөлөгчийн газраа нээн ажиллуулахаас өмнө зэсийн баяжмал дахь алт, мөнгө, ренум зэрэг металлын үнийг тооцдоггүй, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээс доогуур Оросын уралын зэс хайлуулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг байлаа. Бид өнгөрсөн 30 жил ийм тогтолцоогоор уул уурхайн бүтээгдэхүүнээ аман гэрээтэй арилжиж ирсэн. Худалдан авагч талдаа давуу. Уул уурхайн зөвлөх инженер, доктор, профессор Д.Галсандорж Эрдэнэт үйлдвэрийн Лондон дахь төлөөлөгчийн газрын даргаар 1993-2000 онд ажиллаж, Эрдэнэт үйлдвэр Лондоны металлын биржийн загвар гэрээний дагуу зэсийн баяжмалаа Швейцар, Франц, Өмнөд Солонгос, АНУ-ын томоохон худалдан авагчдад борлуулж байсан түүх бий. Ингэж анх удаа Монгол Улс олон улсын биржээр уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа хийх арга техник, системтэй танилцаж, биржийн үр өгөөжийг мэдэрсэн. Цөөхөн хөрштэй байх нь цөөхөн харилцагчтай байх ёстой гэсэн үг биш аж. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдахаас өмнө уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ, худалдааны нөхцөл, бүтээгдэхүүний чанарын талаарх мэдээлэл нээлттэй ил тод бус байдгаас үр ашигтай гэрээ хэлцэл хийх боломж муу, зардал өндөр, уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах зохион байгуулалттай бирж, бүтээгдэхүүний агуулах, шинжилгээний лабораториудтэй зах зээл бий болоогүйн улмаас бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлийн үнээс үлэмж доогуур байдаг байлаа.
УИХ 2022 оны арванхоёрдугаар сард Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан. 2023 оны гуравдугаар сараас эхэлж туршилтын журмаар уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа амжилттай хийгдэж эхэлсэн билээ. Эдийн засгийн хувьд энэ цаг мөчөөс эхэлж уул уурхайн бүтээгдэхүүнээс монголчуудын хүртэх үр өгөөж, ашиг асар ихээр нэмэгдэв. Зөвхөн эдийн засгийн хувьд ч бус үндэсний эв нэгдэлд чухал байв. Энэ оны эхний хагас жилд 188 удаагийн нүүрсний дуудлага арилжаа явагдаж 14.55 сая тн нүүрс ₮5.9 их наядаар арилжсан байна. Түүгээр зогсохгүй төсвийн нийт орлогын 90 гаруй хувь буюу ₮22.3 их наядын татварын орлого бүрдүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Уул уурхайн салбар өнгөрсөн жилийн нийт татварын 51.3% буюу ₮4.2 их наядыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бүрдүүлсэн байна. Үндэсний эв нэгдэл, үндэсний эрх ашиг гэдэг зүйл бидэнд дахин бий болох, эвлэх эхлэл нь биржийн арилжаа болж байна. Өмнө нь иргэд ямар ч мэдээ мэдээлэлгүй байдаг байлаа. Мэдээ мэдээлэлтэй байлаа ч тэр нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй. Нийгмийг талцуулсан, монголчуудыг хагарган бутаргасан байдаг байлаа. “Тавантолгой ХК-ийн мөргөцөг алга болжээ, нэр бүхий гишүүн нүүрсний хулгайд нэр холбогджээ” гэх мэт. Иргэд шударга ёс, ил тод байдал хүссэн. Шударга ёс бол хийсвэр зүйл, гэхдээ үүнийг тогтоох арга зам нь хууль байдаг. Нүүрсний шударга ёсыг Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль тогтоов.
Тиймээс, бидэнд экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсээ биржээр арилжих нь хамгийн зөв шийдэл гэдэг нь илэрхий байна. Манай уул уурхайн бүтээгдэхүүний экспортын худалдаа их хаалттай, тодорхой бус байсаар ирсэн. Бүдүүлэг үгээр бол хуулиас гадуур. Гадаадын худалдан авагч, үйлдвэрлэгч болон эцсийн хэрэглэгчид Монгол Улсын төрийн өмчит компаниудаас уул уурхайн бүтээгдэхүүн шууд худалдан авах боломжгүй байлаа. Аль компанид хэдий хэмжээний бүтээгдэхүүн, ямар үнээр арилжаалж буй нь ил тод бус. Нууцлалын шинжтэй, хувь хүний ашиг хөндөгдөх тул. Харамсалтай нь уул уурхайн бүтээгдэхүүний худалдан авагчдыг сонгох, тоо хэмжээг хуваарилах, гэрээний нөхцөлийг тохирох асуудалд манай төрийн өндөр тушаалын албан хаагчид, улс төрчид ихээхэн оролцоотой байсан байхыг үгүйсгэхгүй. Уул уурхайн бүтээгдэхүүний биржтэй болсноор экспортын худалдаа нээлттэй, ил тод, шударга, олон улсын зах зээлийн үнээр бүтээгдэхүүнээ арилжаалах нөхцөл бүрдэж чадлаа. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эсэргүүцэж, өмнө нь байсан тогтолцоог хэвээр нь үлдээх хүсэл сонирхолтой хүмүүс бий. Эцсийн эцэст улс орын эрх ашиг, үндэсний эв нэгдэл нэгдүгээрт.
Монгол Хөрөнгийн биржийн чухал оролцоо ба биржийн үнээс АМНАТ тооцуулж эхлэв!
Анх Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль яригдаж эхлэх үед хэнээр дамжуулан арилжаалах вэ гэдэг асуулттай бид нүүр тулсан. Тухайн үед өөр бирж байгуулах тухай ч асуудал хөндөгдөж байсан юм. Хэрвээ тийм шийдвэрт хүрсэн бол бид цаг алдах эрсдэлтэй байсан. Шинэ бирж тендер зарлана. Тендерээр нүүсний тонн тутмаас шимтгэл авна. Зэрэг маш олон асуудал, маргаан үүсэх эрсдэлтэй байсан. Тендерийн маргаан үүсэхийг ч үгүйсгэхгүй. Гарсан маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх гэж энэ бүх ажил удааширч, биржийн арилжаа эхлэх хугацаа хойшлох байв. Ажилд дадлага, ачаанд татлага хэрэгтэй гэдэг. Тиймээс, Монголын Хөрөнгийн бирж хамгийн зөв гарц байв. Энэ ажлыг гацаах, үр дүнгүй болгох сонирхолтой маш олон хүмүүс байсан. Үүнтэй бид үргэлж тэмцэж байх ёстой. Өөрийн хувийн эрх ашиг, олох орлогын төлөө Монгол Улсын эрх ашгийг хойш тавих гэсэн гадаад, дотоодын олон этгээд байхыг үгүйсгэхгүй. Уул уурхайн бирж бидний хувьд шинэ зүйл ч гэсэн улс орон бүрд лангуу шиг байж байх ёстой зүйл. Монголын Хөрөнгийн бирж мэдээллийн ил тод байх зарчмыг тун нямбай баримталж буй. Арилжаанд оролцсон нийт худалдан авах санал гаргачдын тоо, доод үнэ, хэлцэл хийгдсэн үнэ, үнийн өсөлтийн хувь, арилжааны хэмжээ гэх мэт зүйлсийг иргэд олон нийтэд нээлттэй мэдээлж байна. Ийнхүү, иргэд эргээд төрд итгэх илтгэлийг олж авна.
Монголын Хөрөнгийн бирж биржийн арилжааг хариуцлагатай, чадварлагаар, нийтэд ил тод гүйцэтгэсээр байна. Долоо хоног бүрийн биржийн арилжааны дүн мэдээг олон нийтэд нээлттэй мэдээлж байгаа ийм жишээ байна. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой ХК арваннэгдүгээр сарын 5-нд Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар 256,000 тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа. Арилжаанд есөн худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг $48.8 эхлэн дуудаж, $56.3-д хэлцэл хийгдсэн байна”. Арилжаа олон нийтэд нээлттэй байна гэдэг нь иргэд мэдээлэлтэй байхаас гадна, дэлхийд нээлттэй, ил тод байх тухай юм. Биржийн арилжаа хийгдэж байгаа нь бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлж чадсан гэдгийг дээрх арилжааны хэлцэл хийгдсэн дүнгээс харах боломжтой. Тоо худлаа ярихгүй. 256,000 тонн нүүрсийг 12.4 сая ам.доллароор арилжих байсныг, 14 сая ам.долларын үнэ хүргэж зарсан байна. Бирж худалдан авагч талууд үнэ хаялцаж, бүтээгдэхүүний үнийг өсгөх гол үүргээ бизлүүлж байна. Хэрвээ биржээр арилжаа хийгдээгүй байсан бол 1.6 сая ам.доллар салхинд хийсэх байлаа. 1.6 сая ам.доллар бол багадаа гурван сургууль, гурван цэцэрлэг барих мөнгөн дүн юм. Аливаа үйдвэрлэгч орон түүхий эдээ хямдаар авахыг үргэлжид эрмэлзэх нь гарцаагүй. “Чалко”-той хийсэнтэй адилхан мөрөөдлийн гэрээг бүгд хүсэлгүй яахав. Хятадууд манай нүүрсийг биржийн үнээр байтугай амны үнээр нь ч авахгүй байсан тохиолдол бий. Ганц улсад худалдаж байж биржээр зарна гэдэг бол доромжлол гэж тэд үзэж байлаа. Тэдэнтэй үнэ хаялцах хэн ч байхгүй болохоор тэгэх нь аргагүй. Гэхдээ энэ цаг үед одоо төгсгөл болох ойрхон байна. Учир нь Энэтхэг улс Монгол Улсаас нүүрс импортлох арга зам эрэлхийлж байгааг Ройтерс агентлаг мэдээлсэн. Хятадтай үнэ хаялцах улс бол Энэтхэг. В.Путин Энэтхэгт албан ёсны айлчлал хийхээр болсон ба энэ үеэр Энэтхэгийн талаас Орос Владивосток хотоор дамжуулан манай улсаас нүүрс импортлох хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэх биз ээ. Хамгийн гол нь Энэтхэг улс манайхаас нүүрс авах сонирхолтой болохоор бид биржээр арилжаа хийж эхлээгүй. Бид биржээр арилжаа хийж эхэлсэн болохоор Энэтхэг улс манай улсаас нүүрс импортлох арга зам эрэлхийлж эхлэв. Энэ жишээнээс биржийн арилжаа манай улсын эдийн засагт төдийгүй, олон улсын харилцаанд өөрчлөлт авч иржээ. Өнөөдөр үр өгөөжийг нь бид бага багаар хүртэж, хамгийн гол нь ирээдүйд үр өгөөжийг нь тогтвортойгоор, урт хугацаанд хүртэж эхэлж байгаа нь манай улсын эдийн засагт чухал ач холбогдолтой. Олон улсад манай улсын бүтээгдэхүүн танигдаж эхэлж, хямд үнэтэй, чанартай бүтээгдэхүүн экспортлох нөөц, чадавх байгаагаа бид баталж чадлаа. Хэрвээ Монголын Хөрөнгийн бирж дээр даруй уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа хийгдэж эхлээгүй бол алдагдсан цаг хугацаа, мөнгөн дүн асар их байх байлаа.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиас онцлох бас нэг зүйл бол нүүрс экспортолдог аж ахуйн нэгжүүд биржээр арилжаа хийвэл, биржийн үнээс АМНАТ тооцох юм. Биржээр зараагүй тохиолдол Сангийн яамны журмаар гадаад үнээс АМНАТ тооцож байгаа юм. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд ашигтай. Бодит борлуулалтаас АМНАТ-өө төлж байгаа юм. Үүнээс гадна сая сая тонноор нь нүүрсээ зараад л байгаа ч, бидний нүүрсийг өөр хүмүүс зараад ашиг хүртээд байдаг байсан тогтолцоо алга боллоо. Ашиг нь Монголд бус, хилийн чанадад үлддэг байлаа. Оффтейк гэрээ бол хамгийн том жишээ байсныг хүн бүр хэлж, цэцэрхэх болжээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн тайланд, 100 гаруй урт хугацааны гэрээ байснаас 18 болгож, бусдыг нь цуцалсан. Мөн Хуримтлалын санд ₮500 тэрбумыг Эрдэнэс Монгол нэгдлийн компаниуд энэ оны эхний хагаст төвлөрүүлэв. Биржээр арилжаа хийсний үр дүнд урьдчилаад төлбөрөө төлж, валютын нөөц ч ихээр нэмэгдэж байна. Энэ жил Монгол Улсын түүхэндээ байгаагүй хамгийн их валютын нөөцтэй жил болж өнгөрч байна. “Эрдэнэс Монгол” нэгдэл энэ онд гадаад валютын албан нөөцийн 77 хувь буюу $3.6 тэрбумыг Монголбанканд төвлөрүүлжээ.
Зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид үнэн бодит мэдээллээр хангагдаж, улмаар Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэв. Дэлхий нийтэд 198 таваарын бирж үйл ажиллагаа явуулж буй. Австралийн хөрөнгийн бирж таваарын худалдааг нэг платформ дээр хавсран явуулж байгаа бол бусад газар хөрөнгийн биржийн болон таваарын биржийн үйл ажиллагаа тусдаа байдаг. Улс орнуудын бараа бүтээгдэхүүний биржийн хөгжил ашигт малтмалын бараа бүтээгдэхүүн, таваарын бүтээгдэхүүн гэх мэтээр салбарлаад хөгжих хандлагатай байна. Харин Монгол Улсыг ямар ирээдүй хүлээж байна, эсвэл бид ямар ирээдүй бүтээх вэ гэж асуух нь зөв үү?
Газрын ховор элементийн шинэ нийлүүлэгч орны эрэлд гарсан улс орнууд ба Монгол Улс
Бид одоогоор эрдэс бүтээгдэхүүнээ зөвхөн Хятад улс руу экспортолж байна. Гэхдээ бидний мөнхийн хөрш нь мөнхийн цор ганц харилцагч байна гэсэн үг биш. Монгол Улс газрын ховор элементийн томоохон экспортлогч орон болох боломжтой. Газрын ховор элементийг олборлох нь гарцаагүй. Харин яаж арилжих вэ гэвэл уул уурхайн бүтээгдэхүүний биржээр. Энэхүү зах зээл дээр Хятал улс бол цорын ганц том тоглогч. Одоогоор! Харин бид Газрын ховор элементийг олборлож эхэлсэнээр зах зээлийг өөр зүгт чиглүүлэх юм. Ройтерс агентлагийн мэдээлснээр Хятад улсын газрын ховор элементийн экспорт 2023 онд 7.3 хувиар өсөж, 52,307 тоннд хүрсэн. Цөмийн реакторуудад ашиглагддаг газрын ховор элементийн нэг болох диспрози гэхэд 2023 онд тонн тутам нь 321,385 орчим ам.доллар хүрээд байлаа. Газрын ховор элемент болох неодим, празеодим зэрэг газрын ховор оксидууд нь соронз, онгоцны хөдөлгүүр, сансрын хөлгийн шил зэрэгт ашиглагдаж байгаа тул эрэлт өсөх нь гарцаагүй. Неодим гэхэд өнгөрсөн онд тонн тутам нь 50,000 орчим ам.доллароор арилжаалагдаж байв. Хятадын геологичид Өвөр монголын Баян-Овоо ордоос газрын ховор элементийн асар том орд илрүүлсэн. Дэлхийн нийтийн газрын ховор элементийн бүх зах зээлийн 85 хувийг Хятад улс дангаараа бүрдүүлж байна. Харин АНУ болон Европын улс орнууд газрын ховор элементийн хувьд Хятад улсаас хараат байх хүсэлгүй байна. Их гүрнүүд шинэ нийлүүлэгч орон хайж байна. Хятадаас илүү найдвартай, тогтвортой. АНУ, Канад, Австрали зэрэг улсуудын газрын ховор элементийн нөөц нь дэлхийн нийт нөөцийн гурван хувьд л хүрч байна. Харин 2009 онд АНУ-ын геологичдын гаргасан тооцооллоор Монгол Улсад дэлхийн нийт газрын ховор элементийн 16 хувь бий. Ховд аймгийн Халзан бүргэдэй ховор элементийн орд ашиглалтад орвол дэлхийг тэргүүлэх орд газар болох нөөц, бололцоотой. Америк болон Европын улс орнуудын толгойны өвчин болоод байгаа газрын ховор элементийг нийлүүлэгч шинэ улс нь манай улс болох ирээдүй бий. Монгол Улсын гадаад харилцаа яагаад энэ жил ийм идэвхтэй байгаа шалтгаан нь ердөө л энэ байв. АНУ, Герман, Энэтхэг, Их Британи, , Франц, Швейцар, Польш зэрэг улсын төлөөлөл энэ онд манай улсад айлчиллаа. Их Британи улс гэхэд манай улсад хөрөнгө оруулах, олборлолт хийхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Дэлхийн улс орнууд газрын ховор элементийн эрэлд гарч. Монгол Улс Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржийн тухай хуулиа эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн нь зүгээр ч нэг тохиолдол биш билээ. Манай улсын уул уурхайн биржээс АНУ тэргүүтэй олон улс газрын ховор элемент импортлох цаг үе ирэх болно.
Бид уул уурхайн биржийн үйл ажиллагааг тогтвортой явуулж эхэлсэн нь найдвартай нийлүүлэгч гэдгээ дэлхий нийтэд баталсан алхам болж. Дэлхийн улс орнууд газрын ховор элементийн нийлүүлэгч орны эрэлд гарч, тэр нийлүүлэгч нь Монгол Улс байх өндөр магадлалтай байна. Дэлхийн уул уурхайн бүтээгдэхүүний зах зээл дээр гол тоглогч болох боломж бүрдсэн чухал цаг үе бидний өмнө ирээд байна. Бид ямар ирээдүйг бүтээх вэ?