bnr-0
Холбооны нөөцийн банкны “Beige Book” тайланд эдийн засгийн өсөлт саарч, үнийн дарамт нэмэгдэж, ажил эрхлэлт сул байгааг онцлов
06 сарын 10, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын эдийн засаг сүүлийн зургаан долоо хоногт бага зэрэг агшиж бизнес болон өрхийн шийдвэрт болгоомжлол давамгайлж байна.
  • Тарифын дарамт нэмэгдэж, үнийн өсөлт “дундаж хурдтай” байгаа ч цаашид хурдсах хүлээлт давамгайлж байна.
  • Нью-Йорк, Бостон, Филадельфи хотуудад эдийн засгийн идэвх буурсан бол Ричмонд, Атланта, Чикаго хотод харьцангуй өсөлттэй байна.
Сүүлийн зургаан долоо хоногт эдийн засаг бага зэрэг агшиж, ажил эрхлэлт сулран, өрхийн болон бизнесийн зүгээс болгоомжлол нэмэгдсэнийг тайланд онцолжээ.

АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас зургадугаар сарын 4-нд танилцуулсан Beige Book тайланд дурдсанаар, сүүлийн зургаан долоо хоногт эдийн засаг бага зэрэг агшиж, ажил эрхлэлт сулран, өрхийн болон бизнесийн зүгээс болгоомжлол ихэссэн байна. Тайлангийн хугацаанд эдийн засагт нөлөөлсөн гол хүчин зүйл нь Ерөнхийлөгч Дональд Трампын шинэчлэгдсэн тарифын бодлого байсан гэж Төв банк дүгнэжээ. Тайланд тэмдэглэснээр, “Бүх бүс нутагт эдийн засгийн болон бодлогын тодорхойгүй байдал өндөр түвшинд хадгалагдаж, айдас, болгоомжлол бизнес, өрхийн шийдвэрт хүчтэй нөлөөлсөн” гэжээ.

Хөдөлмөрийн зах зээлийн хувьд ихэнх бүс нутагт ажилд авах байдал “өөрчлөгдөөгүй” гэж тэмдэглэгдсэн ч, ажил горилогчдын тоо нэмэгдэж, халаа сэлгээ багассан байв. Хөдөлмөрийн эрэлт бүхэлдээ буурсан бөгөөд илүү цагийн ажил, ажиллах цаг багассан, шинээр ажилд авах хойшлогдсон, зарим салбарт цомхотгол хийсэн талаар дурджээ. Гэвч эдгээр халаа сэлгээ өргөн хүрээтэй биш байсныг тэмдэглэсэн байна.

Инфляцын хувьд тайланд “үнэ дундаж түвшинд өссөн” гэж тодорхойлсон ч, цаашид өсөлт улам эрчимжинэ гэсэн хүлээлт бүхий л бүс нутагт давамгайлж байгаа аж. Зарим бүс үнэ өсөлтийн хүлээлтийг “эрс”, “нөлөөтэй”, “их хэмжээгээр” гэсэн үгсээр илэрхийлсэн байна.

Тарифын нөлөө энэ удаагийн тайланд тодорхой илэрч, нийт 122 удаа дурдагдсан нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын тайланд 107 удаа дурдагдсаныг давжээ. Компаниуд тарифын зардлыг гурван сарын дотор хэрэглэгчдэд шууд шингээхээр төлөвлөж байгаа бол зарим нь ашгаа танаж, эсвэл нэмэлт шимтгэл авах хэлбэрээр нөхөх бодолтой байна.

Бүс нутгийн хэмжээнд Бостон, Нью-Йорк, Филадельфи зэрэг хотод эдийн засгийн идэвх буурсан бол Ричмонд, Атланта, Чикаго хотод харьцангуй эерэг үзүүлэлттэй байв. Тухайлбал, Нью-Йорк хотод “тодорхой бус байдал нэмэгдэж, тарифын нөлөөгөөр түүхий эдийн үнэ эрс өссөн” гэж онцолсон байна.

Энэхүү тайлан Трампын тарифын хөнгөлөлтийн тухай мэдэгдлийн дараа Уолл Стритэд үзүүлсэн түр зуурын өөдрөг хандлагатай зөрчилдөж байна. Тэрбээр тавдугаар сард Хятадтай хийж буй “харилцан адил” тарифыг сулруулах тухай мэдэгдсэн ч инфляц болон ажил эрхлэлтийн хэтийн төлөвт эргэлзээ хэвээр буйг Холбооны нөөц банкны тайлан нотолж байна.   

mobile-logo