bnr-0
"Foodex japan 2025" үзэсгэлэнд монгол хүнсээ сурталчлав
03 сарын 21, 2025
ХУВААЛЦАХ
  • Япон Улсын Токио хотноо "Foodex japan 2025" олон улсын үзэсгэлэн худалдаа болж өндөрлөлөө.
  • Манай улсаас хүнсний үйлдвэрлэгч долоон аж нэгж оролцож, өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчиллаа.
  • "Foodex japan" үзэсгэлэн худалдаа өнгөрсөн 50 жилд нийт 80 мянга гаруй оролцогч, 4 сая гаруй худалдан авагчдад хүрч үйлчилсэн Азийн хүнсний хамгийн том сурталчилгааний талбар юм.

Япон Улсын Токио хотноо "Foodex japan 2025" олон улсын үзэсгэлэн худалдаа энэ сарын 11-14-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ жил 50 дахь удаагаа болж өндөрлөсөн тус үзэсгэлэнд нийт 70 гаруй улсын үйлдвэрлэгчид 3,000 гаруй брэнд бүтээгдэхүүнээ танилцуулсан байна. 

Монгол Улсыг төлөөлөн долоон аж ахуйн нэгж оролцсон. Тухайлбал, Монголын үндэсний үйлдвэрлэгч “Хаан жимс” ХХК “Хуба хаяа”, “Норд Роуд” ХХК “Хушхан”, “Булган мах маркет” ХХК адууны махан бүтээгдэхүүн, ‘Цагаан асгат” ХХК “Шимийн охь”, “Такаражима Жапан” ХХК чацарганын бүтээгдэхүүн, “Витафит инвест” ХХК луувангийн шүүс, нухаш бүтээгдэхүүн, “MACU бяслаг” зэрэг брэнд бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулжээ.

Үзэсгэлэнгийн үеэр оролцогчид бараа бүтээгдэхүүнээ танилцуулахын сацуу ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай туршлага солилцож, бизнесийн шинэ түншээр гадаад харилцаа холбоогоо тэлдэг уламжлалтай. "Foodex japan" үзэсгэлэн худалдаа өнгөрсөн 50 жилд нийт 80 мянга гаруй оролцогч, 4 сая гаруй худалдан авагчдад хүрч үйлчлэн, оролцогчид бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь түлхэц үзүүлсэн байна.

Энэ жилийн үзэсгэлэнд Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах, Япон Улсын зах зээл, цаашлаад гуравдагч орны хэрэглэгчдэд таниулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар, Монгол Улсын Элчин сайдын яамны төлөөллүүд оролцсон байна.  

mobile-logo