bnr-0
Үерийн эрсдэлээс сэргийлж, борооны ус зайлуулах шугамын ажил үргэлжилж байна
06 сарын 10, 2025
ХУВААЛЦАХ
  • Хоёр байршилд 2800 метр шугам угсарч, ажлын явц 40 хувьтай байна.
  • Хотын 2040 он хүртэлх төлөвлөгөөнд 440 км үерийн хамгаалалт тусгагджээ.
  • Шугамыг 600–1000 мм голчтой төмөр бетон хоолойгоор угсарч, ашиглалтын хугацааг уртасгаж байна.
Борооны ус зайлуулах хоолойнуудыг 600–1000 мм-ийн голчтой төмөр бетоноор хийж байна

Нийслэлийн хэмжээнд борооны улирал эхлэхээс өмнө үерийн эрсдэлтэй бүсүүдэд ус зайлуулах инженерийн дэд бүтцийг шинэчлэх, өргөтгөх ажил эрчимтэй үргэлжилж байна. Геодези, усны барилга, байгууламжийн газраас мэдээлснээр, зургаадугаар сарын 2-ноос эхлэн хоёр байршилд борооны ус зайлуулах шугамын угсралт эхэлжээ. Ажлын гүйцэтгэл одоогоор 40 хувийн явцтай байна.

Тодруулбал, Баянгол дүүргийн 5, 24, 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Алтай хотхоны автобусны буудал орчим болон Энгельсийн гудамжинд нийт 1415 метр урттай шугам татаж байгаа бол Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах ТЭЦ-3-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэл 1398 метрийн шугам угсарч байна.

Хотын даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон нийслэлийн холбогдох албаныхан дээрх байршлуудад очиж, ажилтай танилцлаа. Тэрбээр “Улаанбаатар хотод одоогоор 170 км урт үерийн хамгаалалтын инженерийн байгууламж ашиглагдаж байна. Цаашид 2040 он хүртэл энэ хэмжээг 440 км хүртэл өсгөх зорилт тавин үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэж мэдэгдэв. Сүүлийн жилүүдэд хур тунадасны хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа нь ийм арга хэмжээ авах шаардлагыг нэмэгдүүлж байна.

Энэ оны хувьд нийт 17 байршилд үерийн хамгаалалтын барилга, байгууламж, ус зайлуулах сүлжээ шинээр угсрахаар төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн дотор 10-15 байршилд авто зам дагуу борооны ус зайлуулах шугамын ажил хийгдэнэ. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн амралтын үеэр замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх зорилгоор зургаадугаар сарын 2-ноос ажил эхлүүлсэн тухай Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан тайлбарлалаа.

Шугамын угсралт авто замын шинэчлэлтэй уялдуулан явагдаж байгаа бөгөөд борооны ус зайлуулах хоолойнуудыг 600–1000 мм-ийн голчтой төмөр бетоноор хийж байна. Энэ нь ашиглалтын хугацааг уртасгах, ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх зорилготой аж. Шугам угсралтын дараа тухайн замуудын хучилтын ажил үргэлжлэх боломжтой болсон нь зам засвар, дэд бүтцийн ажлуудыг уялдуулан хийх чухал алхам болж байна.  

mobile-logo